Америкийн дотоод заслын будаг нийлүүлэгч Behr Paint компани 2021 оны интерьерийн голлох тренд өнгөөр “Canyon Dusk” буюу “Хавцал дахь үдшийн бүрий” гэсэн утга бүхий нэртэй байгалийн цайвар бор өнгийг тодорхойлжээ. Энэ өнгө нь 2021 онд яг л бидэнд хэрэгтэй байгаа аюулгүй, тогтвортой байдлыг илэрхийлэхийн сацуу тав тухтай байдлыг мэдрүүлдэг өнгө юм.
Behr Paint компанийн дэд ерөнхийлөгч Erika Woelfel хэлэхдээ “Уг өнгө нь нар жаргасны дараах үе буюу үдшийн бүрийг санагдуулдаг учир хүнийг цаанаасаа л нэг тайвшруулдаг ид шидтэй. Мөн үдшийн бүрэнхий болсноор маргааш шинэ өдөр ирэхийг сануулж эерэг мэдрэмжийг төрүүлдэг юм” гэжээ.
Түүнчлэн энэ өнгийг байгальд олон газраас харж болох ба үүний нэг нь говь цөлийн наранд шарагдсан элс, шороо юм. Харин гэрийн тохижилт, дотоод засалдаа оруулснаар гэрт дулаан уур амьсгал нэмж, газар шорооны өнгийг санагдуулах учир байгаль дэлхийтэй илүү ойр мэдрэмжийг төрүүлдэг байна. Уг байгалийн цайвар бор өнгө нь завсрын зөөлөн өнгө төдийгүй бусад өнгөнүүдтэй сайн зохицдог тул дотоод болон гадаад засалд ашиглахад их тохиромжтой өнгө юм. Мөн орчин үеийн заслаас уламжлалт загварын засал уруу ч хөрвөөх чадвартай.