Италиас гаралтай Prada брэнд нь дэлхийн хамгийн алдартай, домогт загварын брэндүүдийн нэг билээ. Сонгодог хэв маягаа хадгалахын зэрэгцээ бүтээлч байдлыг эрхэмлэсээр ирсэн уг брэнд нь 100-аад жилийн баялаг түүхтэй.
Mario Prada нь 1913 онд анхны Prada брэндийн дэлгүүрийг Милан хотын хамгийн том дэлгүүрийн гудамж болох Galleria Vittorio Emmanuele II-д нээж байжээ. Уг арьсан эдлэлийн дэлгүүртээ тэрээр ах Martino- гийн хамт арьсан цүнх, чемодан, бусад аяллын хэрэгслүүд, гоо сайхны хайрцаг болон бусад тансаг хэрэглээний бараанууд зардаг байсан байна. Бүтээгдэхүүнүүд нь маш бүтээлч дизайнтай, материал сайтайн дээр их нарийн техникээр хийгддэг байсан нь язгууртнуудын таашаалд нийцэж, Prada-гийн нэр алдар олонд танигдаж эхэлсэн.
Үүгээр зогсохгүй 1919 онд “House of Savoy” буюу Италийн хааны угсаатны гэр бүлийн албан ёсны ханган нийлүүлэгч гэх эрхэм хүндтэй цолыг авч байжээ. Тэдний логонд “House of Savoy”-ын билэг тэмдгийг дүрсэлсэн байдаг нь ийм учиртай.
Prada-гийн талаар нэгэн сонирхолтой түүхийг дурдахад брендийн үүсгэн байгуулагч Mario Prada нь эцгийн эрхт ёсны үзлийг дэмжигч байсан ба эмэгтэй хүн гэрээс гарч ажил хийх ёсгүй гэж үздэг байв. Тиймээс ч гэр бүлийнхээ эмэгтэйчүүдээс хэнийг нь ч өөрийн бизнес, ажил хэрэгтээ оролцуулдаггүй байжээ. Гэвч түүний хүү бизнест нь ямар ч сонирхолгүй байсан тул аргагүй эрхэнд өөрийн охин Luisa Prada-д брендээ өвлүүлж байсан түүхтэй. 1970-аад оны сүүлээр Luisa-гийн охин Miuccia Prada гэр бүлийнхээ бизнест орж эхэлсэн нь брендийн хувьд том эргэлт болсон юм.
Тэрээр эхлээд уламжлалт, тансаг зэрэглэлийн аксессуар, цүнх, аяллын чемодан зэрэг бүтээгдхүүнүүдийнхээ загвар хийцэд анхаарал хандуулж байжээ. Гэвч 1977 оноос Италийн арьсан эдлэлийн бизнес эрхлэгч Patrizio Bertelli-тэй хамтарч эхэлснээр Miuccia-гийн бүтээлч сэтгэлгээ, Patrizio-гийн бизнесийн туршлага, чадвар нь Prada- гийн бизнесийг олон улс руу гарган өргөжүүлж, цоо шинэ түвшинд хүргэсэн юм.
1979 оноос эхлэн Prada брэнд гутал үйлдвэрлэх болж анхныхаа эмэгтэй гутлын коллекцийг гаргасан нь дахин нэг амжилт авчиржээ. Ийнхүү тэдний бизнес өдрөөс өдөрт өргөжсөөр Милан, Лондон, Мадрид, Токио, Парист хотуудад дэлгүүрээ нээсэн байна. Тэдний дэлгүүрүүд уламжлалт хэв маягийг орчин үеийн, шинэлэг архитектуртай хослуулсан нь тансаг зэрэглэлийн брэндүүдийн хувьд шинэ стандарт бий болгосон юм. Түүнчлэн Prada-гийн дэлгүүрүүд цэмцгэр, үзэмжтэй интерьер, өвөрмөц ногоон өнгийн ханаараа бусдаас ялгарч байлаа. Яваандаа уг өнгө нь “Prada ногоон” хэмээн нэрлэгдэх болжээ.
1988 онд анхны эмэгтэй хувцасны коллекцио Миланы загварын 7 хоногт танилцуулснаар Prada ахин шинэ салбарт хүч түрэн орж ирлээ. Тэдний бусдаас өөр содон загвар, нарийн хийц, тансаг материал, өнгөний сонголтууд нь загварын ертөнцийг дурлуулж байлаа. Үүнээс хойш Prada нь хамгийн хүсэмжит, нөлөө бүхий загварын брендүүдийн нэг болсон юм.
Уг брендийн хамгийн алдартай загваруудын нэг бол яах аргагүй Prada-гийн нелон цүнх билээ. 1980-аад онд Miuccia Prada тансаг зэрэглэлийн хувцаст ашиглагддаг улиг болсон, кутюр материалаас татгалзаж нелон даавууг цүнхний коллекцидоо ашигласан нь маш шинэлэг байж чадсан.
Дараагаар нь нелон материалаар эмэгтэй хувцасны коллекци гаргасан нь нелоныг Prada брендийн салшгүй нэг хэсэг болгосон юм. Түүнчлэн Prada бренддээ шинэчлэлт хийж, Prada Re-Nylon нэртэйгээр ахин боловсруулсан материалаар хийгдсэн байгальд ээлтэй коллекциуд гаргах болсон.
2000-аад онд тренд болж байсан жижиг нелон гар цүнхээ 2019 онд ахин гаргасан нь тэр даруйдаа алдартай одуудаас эхлээд хүн бүрийн хүсэмжлэх “It” цүнх болсон билээ.
Сонирхуулж хэлэхэд Prada-гийн өв залгамжлагч Miuccia нь бизнесийн хамтрагч Bertelli-тэйгээ 1987 онд гэрлэж, тэд хамтдаа гэр бүлийн бизнесээ өдийг хүртэл амжилттай авч яваа. Уг групп нь дотроо Prada, Miu Miu, Church’s, Car Shoe, Pasticceria Marchesi зэрэг брэндүүдтэй. Түүнчлэн 2020 оноос эхлэн Бельгийн загвар зохион бүтээгч Raf Simons тус брэндийн бүтээлч захирлаар Miuccia-тай хамтран ажиллах болсон байна.