Хүмүүн сургуулийн үүдээр ормогц сурагчдын гараар урласан, 7 метр урттай эсгий хивс угтана. “Хүүхдүүд манай сургуулийг диваажинтай зүйрлэх нь ч бий. Хүссэнээрээ, дураараа байх боломжтой. Хүүхэд суралцах хугацаандаа ч аз жаргалтай байх ёстой. Энэ явцдаа амьдралд хэрэгтэй чадвар олж авах нь хамгийн чухал” гэх Б.Солонго захирлын үгнээс яагаад хивс ч, сургууль ч бүтээх болсон нь ойлгомжтой.
Цар тахлын уршгаар боловсрол хоцрогдож байгаа үеийнхний талаарх зовнилоо хуваалцаж, ярилцахаар Эко Гэр цэцэрлэг болон Хүмүүн дунд сургуулийн гүйцэтгэх захирал Б.Солонгын хаалгыг тогшсон ч яриа маань өргөжиж мөрөөдөл, мэдрэмжийн сэдэв рүү хальсан юм.
Мэндлээд ширээний ард суухын өмнөхөн ягаан пальтотой, 5 орчим насны охин “Би крашийгаа санаад байна” гэж хэлээд уулзахаар зорьсон хүнтэй маань наалдчихав. Ингээд биднийг ярилцахаас өмнө охин крашийнхаа нэрийг өөдөөс минь харж суух тунгалаг хар нүдтэй эмэгтэйн чихэнд шивнэн бяцхан нууцаа эвлэгхэн хуваалцлаа.
Дунд сургуультайгаа зэрэгцэх цэцэрлэг нь гэрээсээ гарах боломжоо хаалгасан хүүхдүүдэд найзуудтайгаа уулзах холбоос болно. “Бид онлайн цэцэрлэгээ нээгээд удаагүй байгаа. Яг одоо гэртээ байгаа хүүхдүүдэд найзуудтайгаа харилцах хэрэгцээ хамгийн чухал. Өдөр болгон ээж, ах, эгчийгээ л зөвхөн хараад байж болохгүй. Сурган хүмүүжүүлэгч бид нарын хамгийн чухал үүрэг бол хүүхдийн хөгжлийн салшгүй хэсэг болох сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бүтээлч байх хэрэгцээг нь хангах ёстой. Хүүхдүүддээ бид сар бүр хичээлд ашиглах хэрэгсэл, материалтай хайрцаг өгдөг. Багш нар нь онлайнаар хүүхдүүдтэйгээ холбогдоод цэцэрлэгийнхэн нэг нэгэнтэйгээ ярилцаж, хайрцагнаасаа багажаа гаргаад багшийгаа дагаж хийцгээдэг.”
Харин арай төлөвшсөн дунд, ахлах ангийн сургуулийн сурагчдад амьдралдаа ашиглах мэдлэг олгох нь чухал. Гэхдээ мэдлэгийг зөвхөн цаасан дээрх дүнгээр хэмжих аргагүй. Тиймээс ч сурагцид Мазаалай, Хандгай зэрэг Монгол оронд ховордсон 8 амьтнаар овоглосон байшинд хуваагддаг. Байшингаараа төсөл боловсруулж, сургуулиасаа дэмжлэг авах ч боломжтой. Сургуулиа төгсөхдөө 12 жилийн турш нэн ховордсон амьтны төлөө ажиллачихсан байна. Гэхдээ хүүхдүүд дуудагдах байшингаараа ижилсэж, нэгнээсээ суралцахаас гадна ялгарлаа таних нь ч чухал.
“Бид хүүхдүүдээ дүрэмт хувцсаар ижилсэхийг чухалчилдаггүй. Сурагчид дүрэмт хувцасныхаа загварыг өөрсдөө гаргаж, өөрсдөө сонгодог. Чөлөөт хувцасны өдөр ч бий. Энэ нь нэн ялангуяа ахлах ангийнханд бие хүн болж төлөвшин, мэдрэмжээ илэрхийлж сурахад нь маш чухал. Манайд санхүүгийн дэмжлэгээр суралцдаг хязгаарлагдмал амьдралын боломжтой хүүхдүүд, төлбөрийн чадвартай гэр бүлийн хүүхдүүд аль аль нь бий. Эцсийн дүндээ хүүхдүүд сургуульд бэлтгэгдээд бодит амьдралд хөл тавина. Тиймээс үнэнийг нууж болохгүй. Бид бүгдээрээ өндөр, нам, амьдралын боломжоороо давтагдашгүй ялгаатай. Энэ ялгаагаа мэдэр. Хүнд өгөөжтэй, улам урагшлахад түлхэж хатгадаг өвдөлт гэж байдаг. Намайг бага байхад аавын маань бизнес дампуурсан хүнд үе байсан. Нэг ангийнхан, байрныхнаас юу ч нуух боломжгүй хөршийн дотно харилцаатай цаг үед заримдаа найзуудтайгаа адилхан зүйл хэрэглэж чадахгүй үе байлаа. Тэр үед би өөрөө л хөдөлмөрлөж, хүний гар харалгүй хүссэнээ авдаг байх ёстой гэж өөртөө итгүүлсэн. Яг л үүнтэй адил хүүхдүүдийн нүдийг боож, үнэнийг нуулгүйгээр харин ч илүү ихийг ойлгуулах нь чухал. Манайд өргөдлөөрөө шалгарч, тэтгэлгээр суралцдаг олон хүүхэд бий. Нэг талдаа эдгээр хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд бусаддаа урам зориг түгээдэг. Заримд нь сануулга болдог. Бэлэн боломж хангалтгүй, би ч бас хичээх ёстой юм байна гэдгийг амьдралын сорилт бага үзсэн найзууддаа ойлгуулдаг. Учир нь мөрөөдөлтэй, түүндээ хүрэх эрмэлзэл итгэлээ олчихсон манай сурагчид хэний ч дэмжлэггүй гадны шилдэг сургуульд элсэж чаддаг. Ингэж дэлхийд үнэлэгдэх хүн болцгооно. Харин дэргэдээс нь харж суугаа бусад нь энэ байрандаа үлдэхгүйн тулд дагаж хичээдэг. Ийм үлгэрлэл үзүүлэхүйц тэмүүлэлтэй хүүхдүүдэд боломж олгохын тулд бид өнгөрсөн жил гэхэд 3.7 тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэг олгосон. Үүнд нь унаа, хоолны мөнгө ч багтаж байгаа”
Хүссэн үедээ Google-ээс дуртай мэдээллээ авчих боломжтой ертөнцөд, хүчтэй тэмүүлэлтэй хүүхдүүдийг чиглүүлэх хүнд үүрэг багш нарт оногдож байна. “Өөрөө өглөө босдоггүй, цагаа барьдаггүй хүнд сурагчаасаа шаардах эрх байхгүй. Тиймээс багш нар хүсэл эрмэлзэлтэй байж биеэрээ үлгэрлэх ёстой. Хүүхдүүдтэй хамгийн олон уулздаг хүн төлөвшсөн хүний загвар, жишээ байх шаардлагатай. Манай багш нар бүгд өглөө 06 цагаас дасгал хийдэг, орой ч онлайнаар холбогдоод нэгнийгээ хараад дасгалаа тогтмол хийдэг. Энэ бол амьдралаараа үлгэрлэж буйн жишээ. Харин багшаас чухал ганц үлгэрлэл бол эцэг эх. Бид бага ангидаа элсэлт авахдаа эцэг, эхтэй нь маш няхуур тулж уулздаг. Бага насны хүүхдэд хичээлээ давтахад нь сонсож, тусладаг гэр бүлийн дэмжлэг, оролцоо чухал. Хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ давхар биелүүлэлгүй зөвхөн сургуульд даатгаад үлдээх хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг бид хүлээж авдаггүй. Хүүхдэд сургууль дээр өгсөн үр, гэрт нь нахиалуулж чадахгүй бол бидний амжилттай хүн бэлтгэх зорилго биелэхгүй”
“Би багаасаа хийнэ гэсэн бол ямар нэг аргаар хийх л ёстой гээд зүтгэчихдэг хүүхэд байсан. Хүн хийе гэж шийдсэн л бол бие, оюун ухаан цаанаасаа эрч хүчээр дүүрч ажилладаг. Өглөө босоод ч үргэлж л гэрээсээ ажиллаж байдаг, шуудхан гараад явдаг болохоор гэртээ бүрэн хувцаслачихсан явахыг хараад гайхах хүмүүс бий. Ажлаа ч амжуулаад, дөрвөн хүүхэддээ ч хэрэгтэй үе бүрт нь хамт байх ээж нь бий шүү гэдгийг үргэлж мэдрүүлж байхыг хичээдэг. Өөрийгөө харьцангуй таньчихсан болохоор зарим зүйлсийг бодож, цаг гарздах нь ч багасчихдаг юм билээ. Жишээ нь би толины өмнө 30 секунд зарцуулаад л хувцсаа шүүрээд өмсчихдөг. Өөрийг тань юу илэрхийлж, юу тухтай байлгахыг мэддэг болчихдог.
Энэ бол энгийн л мэдрэмж, сэтгэлгээгээ удирдахтай холбоотой. Хүн хүсээд итгэж чадвал, ид шидийн гэмээр гайхамшгийг ч бүтээх чадалтай. Аавын маань бие өнгөрөхөөсөө өмнө их муудсан. Уулзсан нөхөд, ойр дотныхон аав нь давгүй юу гэж асуухад их хэцүү санагддаг байлаа. Би тэр бүрт нь шаналахын оронд аав сайн байгаа, бүрэн эдгэрчихсэн л гээд байлаа. Гэтэл нэг өдөр аав маань шинжилгээ нь өөрчлөлтгүй, эдгэчихлээ гээд эмч нар нь гайхаж байсан. Хариуцаж байсан эмч нь гаднаас эрдэмтэд дуудъя гэж хүртэл ярьж байлаа. Харин аав маань миний хайртай охин намайг эдгээлээ гээд тэвэрч байсан. Би аавыгаа эдгээсэндээ итгэдэг. Хүнд гайхамшиг бүтээх хүч бий. Мөрөөдөл, итгэл хэрэгтэй.”
Гэхдээ Б.Солонгын мөрөөдөл үүгээр дуусаагүй. Удалгүй Хүмүүн дунд сургуулийн хамт олны монгол хүүхдэд зориулж хөгжүүлсэн сургалтын хөтөлбөрөөр дүүрэг тус бүрт нэг сургууль байгуулна. Хуримтлуулсан туршлага, судалгааны ажлаа гадны эрдэмтэдтэй хуваалцана. Том болоод ямар хүн болох вэ? Гэж асуухад “Би дэлхийн хүн болно, ертөнцийг өөрчилнө” гэж хэлээд тэнэгээрээ дуудуулж байсан Солонго охиныг одоо ч найзууд нь чи өөрчлөгдөөгүй гэдэг.
Гэхдээ ертөнцийг өөрчилж чадна гэж итгэсэн тэнэгүүд л өөрчилсөн байдаг.