Хөл хорионы үед ихэнх цагаа гэртээ өнгөрөөж байгаа бидний хувьд тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь нэн чухал. Идэвхтэй хөдөлгөөн хийснээр хүний биеэс индорфен хэмээх стресс тайлж, өвдөлт багасгадаг бодис ялгарч, хүнд аз жаргалтай мэдрэмжийг төрүүлж эхэлдэг байна. Үүнээс гадна стресс тайлах, сэтгэл гутрал засах, сэтгэл түгшилтийг багасгах зэрэг олон төрлийн ач тустай.
1. Сэтгэл санааг засах.
Дасгал хөдөлгөөн хийснээр тархины цусан хангамж нэмэгдэж, сэтгэл санаа илүү өөдрөг, эерэг болдог байна. Эмч нар хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилттэй хүмүүст эм бичиж өгөхийн оронд 7 хоногт 3-5 удаа тогтмол дасгал хийхийг зөвлөдөг. Ялангуяа өглөө буюу байгалийн гэрэлтэй үед аэробикийн төрлийн дасгалууд хийх нь хамгийн үр дүнтэй гэнэ.
2. Нойргүйдлээс ангижруулах
Орчин үеийн завгүй нийгмийн хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог асуудлуудын нэг бол нойргүйдэл. Тэгвэл бидний шөнө хэдэн цаг унтах болон нойрны чанарт дасгал хөдөлгөөн хийх нь шууд нөлөөлдөг. Бүх л төрлийн дасгалууд илүү сайн унтаж амрахад тусалдаг ч, бие болон оюуны дасгал болдгоороо Йог хийх нь хамгийн үр дүнтэй байдаг гэнэ.
3. Ой тогтоолт сайжруулах
Дасгал хийх нь зөвхөн бие бялдарт сайнаар нөлөөлөөд зогсохгүй тархины үйл ажиллагаанд ихээхэн ач тустай. Тархины эсүүдийг сэргээж анхаарал төвлөрүүлэх чадвар болон ой тогтоолтыг сайжруулна. Судалгаагаар үзэхэд бие бялдрын хөгжил сайтай, илүү идэвхтэй амьдардаг хүмүүсийн анхаарал төвлөрүүлэх болон мэдээллийг хүлээж авах чадвар илүү хурдан байдаг байна.
4. Эрч хүч нэмэх
Дасгал хийж, энерги зарцуулах тусам биеийн эрч хүч улам нэмэгддэг гэвэл та итгэх үү? Хөдөлгөөнтэй, идэвхтэй байснаар хүний ядаргаа 65%-аар багасдаг гэнэ шүү. Хэрвээ ядраад байвал дасгал хийх нь эргээд танд улам их эрч хүчийг өгөх болно.
5. Сресс тайлах, сэтгэл түгшилтийг багасгах
Сэтгэл түгшилт буюу “Anxiety disorder” нь Америкт хамгийн их тохиолддог сэтгэл зүйн өвчин бөгөөд ойролцоогоор 40 сая хүн энэ өвчнөөр шаналдаг байна. Тэгвэл дасгал хөдөлгөөн хийх нь тархины стрессийг даван туулах чадварыг мөн нэмэгдүүлдэг учир байнгын ямар нэгэн дасгал хийдэг хүмүүс сэтгэл түгшилт болон сэтгэл гутралд орох эрсдэл 25%-аар бага байдаг. Тийм ч учраас гэртээ байсан ч өдөр бүр өөрт таарсан дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж занших нь таны бие болон сэтгэл зүйн эрүүл мэндэд нэн ашиг тустай.