Louis Vuitton брэнд Парисын Saint-Germain-des-Prés дахь дэлгүүрээ шинэчилж номын дэлгүүр болгожээ. Номын дэлгүүртээ амьдралын хэв маяг, загвар, гэрэл зураг, дүрслэх урлаг, архитектур болон дизайны гээд брэндийн бүх гаргаж байсан каталог номуудаа үзэмжтэй гэгч нь байршуулжээ.
1854 оноос хойш Louis Vuitton брэнд нь аялал, загварыг хоршуулсан содон хэв маягаараа бусдаас ялгарч, дэгжин загварын аяллын цүнх, чемодан, аксессуаруудаараа дэлхийд танигдсан билээ. Тэгвэл шинэ номын дэлгүүр нь мөн л дэвшилтэт технологи, чамин хийцийг хослуулсан өвөрмөц бүтээл болжээ.
Louis Vuitton-ий түүхэнд архитектурууд, загвар зохион бүтээгчид, уран бүтээлчид болон ном үргэлж чухал байр суурийг эзэлсээр ирсэн. Брэндийн үүсгэн байгуулагчийн ач хүү болох Gaston-Louis Vuitton нь номын хорхойтон байсан ба урлаг, уран зохиолын номонд туйлын дуртай байв. Тийм ч учраас номын гурван ч клуб нээж, тухайн үеийнхээ нийтлэгчид, номын зураачид, зохиолч нартай ойр харилцаатай байжээ. Тэрээр аялах дуртай зохиолчдод зориулж ном хийх зориулалт бүхий аяллын цүнх, бичгийн машинд нь зориулсан хайрцагнууд бүтээсэн. Харин 1914 онд Champs-Elysées дахь дэлгүүрээ нээхдээ уншлагын өрөө хүртэл тусгайлан гаргасан байна.
Саяхан номын дэлгүүр болж өөрчлөгдсөн LV дэлгүүрийн хувьд номын нээлт, зохиолчдын гарын үсэг зурах, шагнал гардуулах ёслол зэрэг арга хэмжээнүүд болдог аль хэдийн соёлын төв болсон газар юм. Үүнээс гадна тэд жил бүр “Parcours Saint-Germain” үзэсгэлэнд брэндийн ажлуудтай холбоотой бүтээлч номоороо оролцдог байна. Үүндээ мөн уран бүтээлчдийн гарын үсэгтэй цөөн тооны “limited edition” бүтээлүүдээс нь оруулдгаараа онцлогтой. Эдгээр номоо сүүлийн 20 жил тасралтгүй гаргаж байгаа төдийгүй агуулгын хувьд аялал, загвар, зураачдын зурсан зураг болон гэрэл зургууд дээр илүү төвлөрдөг байна.