Загварын ертөнцийг жинхэнэ урлаг талаас нь харуулахыг зорьдог От Кутюр загварын шоу энэ оны 1 сард болж өнгөрсөн билээ. Хэдийгээр цар тахлын үе үргэлжилж байгаа ч виртуал ертөнц нь дизайнеруудад уран сэтгэмжээ бүрэн харуулах боломжийг олгосон юм. От Кутюр загварын шоу нь Schiaparelli-гаас эхлээд Dior, Chanel, Giorgio Armani гээд дэлхийн хамгийн том загварын ордуудын өөрсдийн уран сэтгэмж, хамгийн бүтээлч байдлаа харуулах боломж байдаг төдийгүй харин энэ удаад тэд төрөл бүрийн бүтээлч бичлэгүүд, зураг авалтууд болон өөр дижитал сувгуудаар шинэ коллекциудаа хүргэсэн юм.
Schiaparelli
Италийн алдарт Schiaparelli брендийн загваруудыг дэлхийн алдартнууд болох Kim Kardashian West өнгөрсөн Хэллоуины баяраар Hulk-ын дүрд хувирахдаа тусгайлан хийлгэж өмссөн бол, АНУ-н ерөнхийлөгч сонгох ёслолын арга хэмжээнд Lady Gaga төрийн дуулал дуулахдаа мөн сонгон өмсөж байсан. Харин энэ удаагийн кутюр шоундаа брендийн бүтээлч захирал Daniel Roseberry нь эмэгтэй хүний өмсдөг хувцас гэх хэвшмэл ойлголтыг эвдэж тэс өөрөөр илэрхийлэхийг зорьсон гэнэ. Түүний кутюр загварууд маш хүчирхэг байдаг төдийгүй гоёлын даашинз гэхээс илүүтэйгээр өмд, хүрэм, боди, үргэлж хослолуудыг голлож, сонирхолтой деталь, техник, гоёмсог гэхээс илүү урлагийн бүтээл мэт өвөрмөц загварын аксессуарууд орсноороо илүү шинэлэг байж чаддаг. Тухайлбал, хамгийн эмэгтэйлэг хувцаснуудын нэг болох корсетыг гэдэсний булчинтай мэт урласан бол, тод ягаан өнгийн богино даашинзыг мөн л гэдэс, цээж, гарын булчингийн хэлбэртэй хийжээ. Харин үдшийн даашинзуудыг сул загвартай биед эвтэйхэн байхаар хийсэн байна. Том хэмжээтэй, этгээд хэлбэртэй алтлаг гоёл чимэглэлүүд нь Schiaparelli кутюрын бас нэгэн хурц илэрхийлэл юм.
Iris van Herpen
Iris van Herpen нь коллекциудаа өвөрмөц технологи ашиглаж гаргадгаараа онцлогтой. 2021 оны шинэ кутюр коллекцио байгалиас санаа авч урласан ба ялангуяа байгалийн хөрс, гадаргуу дээрх органик биетүүд, мөөгөнцөр, болон модны үндэс, багширч ургасан мөөг зэргээс санаа авч хийжээ. Түүнчлэн Голландаас гаралтай загвар зохион бүтээгч Van Herpen-ий хувьд загвар болон шинжлэх ухаан салшгүй холбоотой байдаг. Тийм ч учраас уг гайхалтай коллекцио бүтээхдээ бидний хөл доор оршиж байдаг, тэр бүр анзаарагдаад байдаггүй байгалийн гоо үзэсгэлэнг төсөөлөн урласан гэнэ.
Christian Dior
Алдарт Dior брендийн бүтээлч захирал Maria Grazia Chiuri нь уран зөгнөлөөрөө үлгэрийн орныг бүтээгч нэгэн билээ. Энэ хаврын кутюр коллекцио тэрээр “Tarot cards” буюу мэргийн хөзрөөс санаа аван бүтээсэн байна. Түүнчлэн шинэ цуглуулгадаа зориулж мэргийн хөзөр дээрх нууцлаг дүрүүд болон билэг тэмдгүүдийг амьдрал дээр буулгаж “Le Château du Tarot” нэртэй богино хэмжээний кино хийжээ. Хөзөр бүр ямар нэгэн түүхийг өгүүлдэг тухай Maria дурдсан юм.
Chanel
Chanel-ийн загварын ордон энэ удаагийн кутюр цуглуулгадаа өд, уран хатгамал, хээтэй торон материалуудыг ашиглаж маш нарийн гар ажиллагаа орсон бүтээлүүдийг урласан байна. Брендийн бүтээлч захирал Virginie Viard нь хэлэхдээ гэр бүлийн тэмдэглэлт баяр болох хуримаас сэдэвлэж коллекцио бүтээсэн гэжээ. Цар тахлын дараах дэлхийг гэгээлгээр зөгнөж ийнхүү баярын уур амьсгал дүүрэн гоёмсог цуглуулга гаргасан байна.
Armani Privé
Giorgio Armani брендийн тансаг зэрэглэлийн От кутюр загварын ордонг Armani Privé хэмээн нэрлэдэг билээ. Armani Privé нь 2021 оны энэ хаврын шоугаа сувдан өнгийн гялалзсан твид хүрэм, гэрэлтсэн материалтай Art Deco загварын хатгамалтай шулуун өмдний хослолоор эхлүүлсэн нь тун чамин харагдаж байлаа. Armani бренд нь маш минимал , элегант стилиэрээ танигдсан бөгөөд энэ удаагийн коллекци нь мөн л эрхэмсэг хирнээ минимал өдөр тутмын загварууд, үдшийн даашинз болон гоёмсог хослолуудаас бүрджээ. Харин өнгөний хувьд хар, гүн хөх, тод цэнхэр, улаан хүрэн зэрэг олон сонголттой байсан ба загвар дизайны хувьд ч Алтан бөмбөрцөг, Оскарын кино наадам зэрэг алдартай ёслолын арга хэмжээнүүдэд өмсөхөд тохиромжтой гайхалтай загварууд харагдаж байлаа.
Valentino
Valentino-гийн бүтээлч захирал Pierpaolo Piccioli нь өмнөх улиралд кутюр загваруудаараа сюрриализмыг харуулж байж боломгүй пропорц, хэтрүүлсэн урттай даашинзуудыг толилуулж байсан. Тэгвэл энэ удаагийн шоугаа Италийн Ром хотод байрлах Барокко хэв маягийн “Galleria Colonna” ордонд хийсэн байна. Загваруудын хувьд уран зөгнөл гэхээс илүүтэйгээр амьдралд ойр болсон ч моделиудын өмссөн гутлууд нь маш зузаан платформ ултай, өвөрмөц загвартай байсан юм. Харин өнгөний хувьд тод ягаан, улбар шар, неон ногоон, улаан зэрэг хурц тод өнгүүдийг голчилж сонгожээ. Түүнчлэн Valentino-гийн үндсэн хэв маяг болох романтик, эмэгтэйлэг силуэтыг ч мөн онцолсон байна.
Fendi
Fendi-гийн энэ хаврын кутюр шоунд 90-ээд оны алдартай супер моделиуд болох Kate Moss, Christie Turlington, Naomi Campbell нар алхаж, Холливудын кино жүжигчин Demi Moore шоуг нээснээрээ маш онцлогтой болж өнгөрчээ. Уг цуглуулгад гэрэлтдэг, сувдан цагаан өнгийн даашинзууд, эрэгтэй хослолоос санаа авсан болон цэцгэн принттэй загваруудыг голчилсон байлаа. Fendi-гийн эмэгтэй хувцсыг хариуцсан бүтээлч захирал Kim Jones нь 20-р зууны эхээр Английн зохиолчид, философичид, сэхээтнүүд, уран бүтээлчдийн нэгдсэн “Bloomsbury” группээс шинэ коллекцийнхоо санааг сэдэвлэжээ. Тэр хүмүүсийн тухайн үед хэрхэн амьдарч байсан хэв маяг, өөрсдөдөө урлагаар дамжуулж хэрхэн эрх чөлөөг олгодог байсан болон хойч үедээ тэр урлагийн бүтээлүүдээ хэрхэн үлдээсэн нь гайхалтай санагддаг хэмээжээ. Түүнчлэн Италийн уран баримлууд болон Fendi-гийн архиваас мөн коллекцийнхоо шинэ санаануудыг олж авчээ.