Минималист амьдралын хэв маяг нь “less is more” буюу цомхон байх тусмаа илүү гэсэн сэтгэлгээг шаарддаг. Тиймээс ч минималист гэртэй байна гэдэг нь байнгын хэрэглэгддэг, өөрт таалагддаг, цөөхөн эд зүйлсээр хүрээлүүлэн амьдрахыг хэлнэ. Хүмүүс цөөхөн эд зүйлстэй байх нь бодох зүйл багатай, хэрэгжүүлэхэд амархан зүйл гэж андуурдаг. Гэвч үнэн хэрэгтээ яг хэрэгтэй гэсэн хэдхэн зүйлээ сонгож үлдээхийн тулд хүн илүү их эргэцүүлэн бодож, шийдвэр гаргах шаардлагатай болдог байна. Тиймээс минималист гэртэй болоход тань туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.
1. Яагаад гэдэг асуултыг өөртөө тавих
Хэрвээ минималист гэртэй болохыг хүсэж байгаа бол юуны түрүүнд өөрөөсөө яагаад минималист гэртэй болмоор байгаа болон минималист гэртэй болсноор амьдралд тань ямар үр өгөөжтэй талаар асууж, сайн эргэцүүлэх хэрэгтэй. Ингэж зорилгоо тодорхой болгосноор ямар эд зүйлсээ үлдээх, юуг нь хаях зэргээ шийдэхэд илүү хялбар болно.
2. Цомхтгох
Хэрвээ сүүлийн хэдэн жил хэрэглээгүй эд зүйлс байвал шууд хаях хэрэгтэй. Гэрт чинь байгаа эд зүйлс бүхэн өнгө үзэмж, зориулалт, сэтгэл зүйн хувьд ч бай ямар нэгэн хэрэгцээг хангаж байх хэрэгтэй.
3. Мари Кондо-гийн арга барил ашиглах
Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шидийн талаарх номоороо алдаршсан Мари Кондогийн арга барилаас сонирхоод үзээрэй. Тухайлбал, эд зүйлсээ цэгцлэхдээ хувцаснаас эхлээд ном, бичиг цаас, бусад зүйлс болон дурсамж агуулдаг зүйлс гэх мэт төрөлжүүлж цомхтгож болох юм. Ерөнхийдөө хаяхад хамгийн хялбар зүйлүүдээсээ хэцүү рүү шилждэг гэж хэлж болно.
4. Байгаа зүйлсээ өөр өөр зориулалтаар ашиглах
Нэмж шинээр эд зүйлс, тавилга худалдаж авахын өмнө байгаа зүйлсээ ашиглаж болох эсэхийг нягтлаад нэг үзээрэй. Жишээ нь хуванцар хайрцгийг олон янзаар ашиглаж болно. Гутлын хайрцаг болгох, хувцасны шүүгээний тусгаарлагч хийх, ялангуяа тунгалаг өнгийн хуванцар хайрцаг бол доторх нь харагддаг, багтаамж сайтай, гадна нь тэмдэглэгээ хийхэд амар байдаг учир олон янзаар ашиглах боломжтой.
5. Хувь хүнийхээ шинж чанарыг шингээх
Минималист хэв маягаар гэрээ тохижуулахдаа хамгийн дуртай тавилга, эд зүйлсээсээ эхлэх хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ зурсан зураг, гэр бүлийн жаазтай зураг, дуртай номын цуглуулга, үнэртэй лаа зэрэг гэрт тань өнгө үзэмж нэмэх, өдөр тутмын хэрэгтэй зүйлүүддээ суурилж тохижуулах нь илүү хувь хүний шинж чанарыг харуулдаг давуу талтай.
6. Томыг сонгох
Аль болох цөөхөн тавилгаар гэрээ тохижуулахыг хүсвэл том хэмжээтэйг нь сонгоорой. Том зүйлс нүдэнд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж харах өнцгийг өөрчилснөөр энгийн бөгөөд үзэмжтэй тохижилт хийхэд тусалдаг байна.