Хойд туйлын байгалийн гоо үзэсгэлэн дахин давтагдашгүй бас сүрдмээр. Хүйтэн агаар, нам гүм байдал, үе үе мөсөн уулын нуран унах нижигнэх чимээ. Гайхалтай өвөрмөц тогтоц бүхий энэ газрыг сая сая хүн аврахыг хүсэж байгаа.
2016 оны 6-р сард Greenpeace ашгийн бус байгууллагын Arctic Sunrise нэртэй усан онгоц Голланд улсаас маш онцгой ачаатай хөдөлсөн нь 8 сая хүний дуу хоолой байсан юм. Энэ нь хойд мөсөн туйлд заналхийлээд буй газрын тосны өрөмдлөг, хирээс хэтэрсэн далайн загасчлал зэргээс уг газрыг хамгаалахын төлөө нэгдсэн хүмүүсийн дуу хоолой байлаа.
Arctic Sunrise хөлөг онгоц хойд мөсөн туйлын Европ дахь хаалга болох Норвегийн Свалбардад зогсож онцгой нэгэн зочин угтан авсан нь Италийн алдарт төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Людовико Эйнауди байв. Тэрээр хойд туйлыг хамгаалахаар Greenpeace-тэй хамтран 8 сая хүний дуу хоолойг төлөөлж, өөрийн зохиосон “Elegy for the Arctic” хэмээх аяыг хөвж буй мөсөн дээр эгшиглүүлсэн юм.
“Elegy for the Arctic” гэсэн нэр нь хойд туйлын төлөөх харуусал гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд бичлэг дээр төгөлдөр хуурчийн арын нүсэр туйлын мөс хагарч унах нь үнэхээр сүрдмээр бас гунигтай харагдаж байлаа. Ийнхүү зохиосон аяа хойд туйлын мөсөн уулсын дунд хамгийн анхны удаа сонордуулсан нь дэлхий дахины анхаарлыг татаж, сая сая хүний сэтгэлд хоногшин үлдсэн билээ.
Бид яагаад хойд мөсөн туйлыг хамгаалах хэрэгтэй юм бэ?
Хойд мөсөн далай нь хамгийн хамгаалалт багатай далай бөгөөд задгай тэнгис нь ямар ч хууль ёсны хамгаалагчгүй байдаг. Түүнчлэн дэлхийн дулаарлаас шалтгаалж өдөр ирэх тусам температур нь нэмэгдэж, мөс нь хайлж, байгалийн өвөрмөц тогтоц нь алдагдаад байгаа юм. Хамгийн гол нь хүмүүс хойд туйлыг ахин давтагдашгүй байгалийн үнэт зүйл гэдгийг ухаарч, түр зуурын ашгийн төлөө золиослох ёсгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хойд мөсөн туйл нь дэлхийн цаг агаар, уур амьсгалыг зохицуулж байдаг учраас уг газрын хосгүй үзэсгэлэнт байгаль, үүний өвөрмөц тогтоц болон нэн ховордсон амьтад болох цагаан баавгай, шүдэт халим, туйлын үнэг зэрэг амьтдыг аврахын төлөө, ирээдүйн үе хойчийнхоо төлөө, хэн нэгний хувийн ашиг сонирхлоос хамгаалах ёстой дэлхий нийтийн үнэт баялаг учраас бид хойд мөсөн туйлын аврахад дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй.
Харин цаг хугацааны хувьд Людовико Эйнаудигийн хийсэн тоглолт маш чухал үйл явдалтай давхацсан нь OSPAR комиссын төлөөлөгч нарын Испани улсад хийсэн уулзалт байлаа. Уг уулзалтаар хойд туйлын газар нутгийн 10%-ийг (Их Британи улсын хэмжээтэй адил) хамгаалалтад авах саналыг хүргүүлсэн нь хойд туйлыг аврах маш чухал алхам болж өгсөн.
Greenpeace нь хойд мөсөн далайд нүүрлэж буй аюулаас хамгаалах, цаашид өөрсдийн хамгаалалтад авах зорилготой ашгийн бус байгууллага юм. Тиймээс ч Greenpeace “Хойд мөсөн далайд аюул учруулж буй хүмүүсийн дуу хоолой хэзээ ч уг газрыг хамгаалахаар хичээж буй 8 сая хүний дуу хоолойгоос, Людовико Эйнаудигийн төгөлдөр хуурын аялгуунаас давж сонсогдох ёсгүй” хэмээн уриалж байсан.