Загварын 4 нийслэлд болдог том шоунуудаас гадна Дани улсад Копенхагены загварын шоу болж Европ дахь загварын сэтгүүлүүдийн эрхлэгчид, инфлюенсерүүд, болон бусад загварын салбарынхан цугладаг билээ. Уг загварын шоу нь хамгийн орчин үеийн гэсэн тодотголтой явдаг учир нь байгаль болон нийгэмдээ ээлтэй загварыг онцолдогт байгаа юм. Шоунд ирсэн зочдоос Копенхагены гудамжны стилийг утгаар нь харуулж буй дэгжин хувцаслагсдын зургаас хүргэж байна.
Өнгөний блок хослол
Парист амьдардаг инфлюенсер Ellie Delphine өнгөөр тоголж, хооронд нь зохицуулахдаа гаргууд нэгэн. Энэ шоунд оролцохдоо тэрээр тод цэнхэр өнгийн топыг улаан хүрэн өнгийн савхин юбкатай хослуулж тод ягаан өнгийн аксессуарыг нэмж өгсөн нь тод өнгүүдийг блок хэлбэрээр хольсон сонирхолтой шийдэл болжээ.
Савхин өмд
Савхин өмд хэзээнээс загварын зоригтой шийдлүүдийн нэг байсаар ирсэн. Үүнийг энгийн фудболк, цагаан пиджактай хослуулж дэгжин хэрнээ илүү ажил хэрэгч стиль бүрдүүлжээ.
Дур булаам торон загвар
Торон загварууд маш романтик , эмэгтэйлэг, элегант харагддаг бөгөөд илүү тэнцвэртэй харагдуулахын тулд доогуураа урт түрийтэй гутал өмсчээ.
Цагаан цамц
Цагаан цамц нь бидний өдөр тутмын энгийн хэрэглээ байж болох ч бусад хээнцэр загвартай хувцаснууд болон аксессуартай хослуулж загварын 7 хоногт итгэл дүүрэн алхах тансаг дүр төрх бүрдүүлж болохыг та харж байна.
Cool, өнгөлөг нарны шил
1970-аад оныг санагдуулам ретро загвартай өнгөлөг нарны шилнүүд зуныг илүү зугаатай болгох гайхалтай гоёл байх болно.
Сорочкон цамц
Сул загвартай сорочкон цамц болон жийнсний хослол нь энгийн юм шиг боловч хэзээд загварлагт тооцогдох гайхалтай хослол шүү.
Сандаалтай хослол
Ажил хэрэгч, хэлхгэр загвартай хослолыг зуны сандаалтай хослуулан өмсч, гар цүнх барьсан нь загварлаг оффис дүр төрхийг бүрдүүлж чаджээ.
Спорт шорт
Спорт загварын шорт нь зөвхөн фитнессийн зааланд зориулагдаагүй юм шүү. Хөлийг урт харагдуулах уг загвар нь зуны улиралд тохиромжтой бөгөөд берет малгай, өнгөлөг принттэй цүнхтэй хослуулан үүрсэн нь сонирхолтой дүр төрхийг бүтээсэн байна.
Хүзүүний алчуураар бүслэх
Торгомсог материалтай, сонирхолтой принттэй хүзүүний алчуураар бүс хийж бүслэсэн нь цаанаа л нэг донжтой, загварлаг харагдаж байгаа биз. Та ч бас туршаад үзээрэй.
Гинжин оосортой цүнх
Ялангуяа том хэмжээтэй, богино гинжин оосортой цүнх яг одоо тренд болоод байгаа билээ. Хар бараан, завсрын өнгийн хувцаслалтан дээрээ тод шар өнгийн гинжтэй цүнх үүрсэн нь тун чамин харагдуулж байна.
Цагаан даавуун даашинз
Цагаан өнгөтэй даавуун даашинз нь бүсгүйчүүдийн шүүгээнд заавал байх хувцаснуудын нэг билээ. Үүнийгээ зун сандаалтай хослуулан өмсч, сэрүүний улиралд урт түрийтэй гуталтай хослуулан өмсч болох юм.