Италийн алдарт Moschino брэндийг анх Франко Москино 1983 онд үүсгэн байгуулжээ. Тэрээр Италийн Абиатеграссо тосгонд 1950 онд төрсөн ба 17 наснаасаа Миланы Дүрслэх урлагийн академид зураач болох мөрөөдлөө биелүүлэхээр суралцаж байв. Түүний зураач болох хүсэл нь Moschino брэндийн таних тэмдэг болсон өнгөлөг, сонирхолтой дүрс бүхий принтүүдээс тодхон харагддаг. Түүнчлэн Франко суралцахынхаа хажуугаар төлбөрөө төлөхийн тулд алдартай сэтгүүлүүдэд зураг зурж, чөлөөт уран бүтээлчээр ажилладаг байжээ. Ингэж явахдаа Италийн алдарт Versace брэндийн загвар зохион бүтээгч Жианни Версачетай хамтран ажиллаж, түүнээс суралцаж байсан гэдэг.
Харин Moschino брэндээ тэрээр 1983 онд үүсгэн байгуулж анхны эмэгтэй хувцасны коллекцио танилцуулсан ба жилийн дараагаас эрэгтэй хувцас мөн гаргаж эхэлжээ. 1986 онд Moschino Jeans брэндээ гаргаж, 1987 онд анхны үнэртэнгээ танилцуулан брэндээ өргөжүүлэн тэлсэн байна. Франко Москино үргэлж л шинийг эрэлхийлдэг нэгэн байсан бөгөөд жилээс жилд, шинэ коллекци бүрдээ өнгөлөг принт, сонирхолтой дүрс зургуудыг оруулж, өөрийн гэсэн бүтээлч, шинэлэг хэв маягаараа бусад загварын ордуудаас ялгарч чадсан.
Үүнээс гадна 1989 онд эрэгтэй, эмэгтэй хувцасны Cheap and Chic лайнаа танилцуулан Италид анхны дэлгүүрүүдээ нээж “Nature is better than couture“ нэртэй байгальд ээлтэй коллкекцио гаргаж байсан түүхтэй.
Харин бүсгүйчүүдийн хамгийн дуртай Love Moschino брэнд нь 2008 онд үүсгэн байгуулагдсан ба үндсэн Moschino брэндээсээ үнийн хувьд арай хямд, илүү залуулаг, гал цогтой, дэгжин загвартай байдгаараа онцлог. Love Moschino нь хурц тод өнгө, бүтээлч загвар, поп-арт принт, том бичиг, зүрхэн ба гинжин деталиуд гэх мэт нэгэн хэвийн бус, содон загваруудаараа бусдаас ялгарч чаддаг. Тиймээс ч Moschino брэндийн цөм болох бүтээлч, хөгжилтэй, өвөрмөц хэв маягийг авч үлдсэн охин брэнд нь гэж хэлж болно. Түүнчлэн “Love” буюу хайр гэдэг үгтэй нэрээ холбосон нь брэндийн имижийг бүр ч эерэг энергитэй, хайр татам болгож өгсөн билээ.