Гүнзгий амьсгал аваад
Аажмаар гаргаад
Тусгалаа толинд харж байгаа мэтээр өөрийгөө анхааралтай ажиглацгаая …
Дамдинсүрэнгийн Хонгорзул гэр бүлээрээ Дубайд үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг. Гэр бүлээрээ дэлхийн гурван оронд суурьшин амьдарч, Монголдоо анхны эрүүл хүнсний бизнес эхлүүлж байсан эмэгтэйчүүдийн нэг. Гэхдээ тэрээр өөрийгөө ээж, бясалгагч гэж тодорхойлдог.
Хамт олноосоо тусгаарлагдан өрөөндөө ганцаараа компьютерийн ард, бетон хананд хоригдох хугацаандаа өөрийгөө илүүтэй ойлгож сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарлаа. Энэ зуураа зөв амьдралын хэвшил, оюун сэтгэлээ цэгцлэх ухаанд суралцахаар өрнүүлсэн яриа маань сунжран 3 цаг гаруй үргэлжилж богино бясалгал хийгээд амжсэн билээ. Мөн хамгийн чухал нь өдийг хүртэл амьдралын дундуур хэтэрхий яарч явсан шалтгаан, хэрхэн өөрийгөө хазаарлаж өмнөх шат биш харин хөл доорх зүлэгний /энгийн амьдралын/ сайхныг мэдрэх вэ? Гэдгийн хариултад ойртлоо.
Д.Хонгорзул: Хүмүүс сэтгэл нь тогтворгүй, анхаарал нь төвлөрдөггүй ч юм уу? ямар нэг зүйл болохгүй байгааг бүгд л мэдэрдэг. Гэвч асуултынхаа хариултыг хэтэрхий холоос хайх нь түгээмэл. Заримдаа бясалгаж эхлээчгүй байж өөртөө хэт ахадсан хуваргын сургааль сонсоод би ч чадахгүй юм байна даа гээд бууж өгөх нь байдаг. Гэтэл тухайн хуварга амьдралынхаа олон арван жил сэтгэлээ сонсож, энэрэл, бусдад хайраар хандахад суралцсан хүн. Харин бид нар бол ердөө л амьдралаа босгочих юм сан гэсэн их хотын яаруу иргэд шүү дээ. Тиймээс фитнесст явахдаа шууд л 100кг-ийн туухай өргөөд эхэлдэггүйтэй адил сэтгэлийн дуудлагаа сонсож, бясалгаж сурахын тулд анхан шатнаас нь эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол өргөх жиндээ даруулна, бууж өгнө шүү дээ. Биеэ бялдаржуулахын тулд заавал фитнесс гэлтгүй усанд сэлэх, гүйх гээд олон сонголт байдаг. Яг л үүнтэй адилхан бясалгалд ч олон төрөл бий. Хөдөлгөөнт бясалгал буюу иог, трансендентал, төсөөллийн, тарнитай, алхаа бясалгал ч гэж бий. Унтсанаас илүү амрах цорын ганц арга бол бясалгал.
Гэхдээ судалгааны ажил мэтээр няхуур судалсан 10 гаруй жилийн бясалгалын туршлагыг амар хуримтлуулаагүй. Анхандаа амьдралын хэвшил болгож чадахгүй л байлаа.
Би компьютерийн англи хэлний багшийн мэргэжилтэй. Төгсөөд өглөө нь дунд ангийнхан, үдээс хойш бага ангийнханд үргэлжлүүлж урт цагаар багшилдаг байлаа. Цайны газраар ихэвчлэн түргэн хоолоор хооллодгоос болоод дархлаа суларч цусны хүнд өвчнөөр өвчилсөн. 6 сар гаруй эмчлүүлж 43кг хүртлээ турсан. Тэр үеэс хойш л эрүүл хүнс, амьдралын эрүүл хэв маяг хичнээн чухал вэ? Гэдгийг ухаарсан гэхэд болно. Гэхдээ л хожим нь Саран багшийн бясалгалд хамрагдсан ч амьдралын хэв маягаа болгож чадалгүй орхичихоод байлаа.”
Тэрээр сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарах, дуудлагаа олохоос өмнө биеийн эрүүл мэнддээ анхаарчээ. Д.Хонгорзулын эцэг, эх нь өвчнийг эмээр дарна гэдэгт итгэдэг эмч хүмүүс бол эмээ нь өөрийнхөө ургуулсан ногоогоор хооллодог, байгальд ойрхон агрономич хүн байв. Эмээгийнх нь нөлөө түүхий амьдралын сонголтуудаас ажиглагдана. Өөрийнх нь хэлснээр заримдаа эртдэх гэж байдал бол яг цагаа олсон тохиол ч гэж бий. Бас өөртөө тохирсон аргачлалаа таних нь чухал.
“Хөдөө аж ахуйн яамны шугамаар Хятадад орчуулагчаар ажиллах боллоо. Ногоон хүнсийг бохирдолгүйгээр хэрхэн цэвэрлэх вэ? гэдэг 30 гаруй орны мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтад хэлмэрчээр ажиллах зуураа маш их зүйл сурах боломж гарсан. Далимаар нь агрономич, хүнсний чиглэлийн маш олон найзтай болсон. Тэгээд л удалгүй Монголдоо буцаж ирээд Mango Dream гэдэг жүүсний газар /Juice bar/ нээлээ. Олон гадны найзтай болснхыхоо ачаар Филиппин, Тайландаас жимс оруулж ирээд Sky их дэлгүүрийн супермаркетад худалдаж байлаа. 2008 онд авокода жимс анх оруулж ирж байхад хүмүүс амсаж ч үздэггүй, амталгаа гэхээр гайхдаг үе байж. Хожим нь бодоод байхад худалдан авагчид бэлэн болоогүй байхад цаг үеэсээ түрүүлсэн бизнеэс байж таарсан. Кофе шоп ч хүртэл анх Монголд амжилт ололгүй дампуурч байсан. Харин одоо хотын соёл болжээ.
Үүнтэй адилаар хүн бясалгалаар хичээллэхэд бэлэн болох үе гэж байдаг. Би ч бас амьдралын хэвшил болгож чадалгүй явсаар нэг л мэдэхэд тохирсон үе нь ирж, өөрийн мэдэлгүй гүн автчихсан байсан даа. Гэхдээ цаг үе нь таарахаас гадна өөртөө тохирсон аргачлалаа таних нь дутахааргүй чухал. Өөрийн завгүй, эрчтэй амьдралын хэв маягтаа тохирсон бясалгалын хэлбэр сонгоод заавал сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Би хувьдаа анхандаа Calm гээд аппликэйшн ашиглаж дадал болгосон. Ямартай ч өглөө босмогцоо шүдээ угаагаад, шүршүүрт ордог шигээ өдөрт 10 минут бясалгал хийгээд сэтгэлээ цэвэрлэхийг зөвлөе.
Хамгийн гол нь хүн бодит үнэнтэйгээ нүүр тулах чухал. Хэт хуурамч өөдрөг үзлийг сурталчлах, өөрийгөө нэг ёсондоо хуурч зохиомол дүр бүтээх нь хэзээ ч жинхэнэ сэтгэл хангалуун, амар амгалан байдлыг өгдөггүй. Эсрэгээрээ хэт шүүмжлэх сэтгэлгээ ч эзнээ дэмий зовооно. Өөрийнхөө байгаа бодит байдалтай эвлэрэх, хэрэв үнэхээр амьдралын зорилгоо олоогүй бол олоогүй гэдгээ таних нь эхний алхам. Ер нь хорвоод амьдралын замналаа олчихсон хүн цөөхөн, ихэнх нь хайсаар, заримдаа хайж эхлэж ч амжилгүй төгсдөг. Анхаарал сарниулсан цаг зуурын зүйлсээс холдож, өөрийгөө чих тавин сонсох хамгийн сайн арга нь бясалгал юм.
Надад Японы Икигай гэх ойлголт их таалагддаг. “Икигай: Япончуудын урт, жаргалтай амьдралын нууц” нэртэй ном ч гарсан. Монгол хэл дээр орчуулагдсан харагдсан. Товчхондоо бол өөрийнхөө дуртай, хийж чаддаг, хорвоо ертөнцөд хэрэгтэй байгаа зүйлийг хийгээд түүнийхээ төлөө хөлс авч чадаж байвал огтлолцол нь таны икигай буюу нэг ёсондоо амьдралын зорилго. Хуварга, гэгээнтнүүдээс ялгаатай нь орчин үеийн хүмүүс бид дуртай, хийж чаддаг, хорвоо ертөнцөд хэрэгтэй ажлыг хийсэн ч хөлс, шагналаа авч чадахгүй бол амьдрал ганхана шүү дээ. Тиймээс тэнцвэр, огтлолцол чухал. Сүүлийн жилүүдэд энэ сэдэв маш сайн судлагдаж байгаа. Цэнхэр бүс буюу оршин суугчид нь өндөр насалдаг, 100 настай буурлууд түгээмэл 5 газрыг тодорхойлсон байдаг. Зүгээр ч нэг 100 наслаад зогсохгүй эрүүл, оюун ухаан нь саруул урт амьдралын нууц нь ердөө л түрүүн хэлсэн Икигайгаа олох буюу зорилготой амьдрал, тогтмол мацаг барьдаг амьдралын хэвшил, хөнгөн хооллолт, найрсаг чин сэтгэлийн харилцаа. Хүн өөрөө л эдгээр зөв хэвшлүүдийг суулгаж чадвал заавал цэнхэр бүсэд амьдралгүйгээр хаа байгаа газраа сайхан аж төрж болно.
Манай гэр бүлийн хувьд л гэхэд нөхөр маань хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр олон оронд шилжиж ажилладаг учир манай гэр бүлийн амьдрал ч хөдөлгөөн ихтэй, нэг газраа удаан тухлаад байх боломжгүй. Гэхдээ бясалгагчил, эрүүл амьдралыг эрхэмлэгчид Монгол, Герман гээд дэлхийн аль ч оронд байдаг нэг том гэр бүл. Тиймээс хаана ч очсон халуун дулаанаар угтах, ойлголцоох хүмүүс бий. Сонирхуулахад Дубайд хамгийн олон үндэстэн нэг дор иог хийж геннисийн номонд бичигдэхэд би эх орныхоо далбааг бариад улсаа төлөөлж оролцсон.
Хүн сэтгэл зүй, бие махбодиороо эрүүл байснаар зөвхөн өөртөө биш эргэн тойрондоо ч нөлөөлнө. Би бясалгалаа удирдаад хүүхдүүдтэйгээ, нөхөртэйгээ гэр бүлээрээ бясалгадаг. Нөхрийн маань зарим найзууд ч ирж хамтдаа бясалгана. Гэхдээ бясалгахыг багшийн чиглүүлгээр нүдээ аниад завилж суухаар төсөөлбөл өрөөсгөл. Би хоол хийх дуртай. Бүх анхаарлаа төвлөрүүлээд, сэтгэлээ шингээж хоолоо бэлдэх нь нэг төрлийн бясалгал. Бүрэн төвлөрөөд цай бэлдэх, калиграф, зураг зурах ч бас бясалгал. Бас гэр бүлээрээ улиралдаа 100 км ууланд алхах зорилго тавиад сахилга баттайгаар агаарт алхдаг. Гэхдээ хамгийн их аз жаргал мэдрүүлдэг зүйл бол цэцэг дэлгэрэх, модны мөчир дээр зогсох хос шувууг хараад чин сэтгэлээсээ гайхширч “Ээж ээ тэрийг хардаа” гэж дуудахыг сонсох. Хүн насанд хүрээд олон зүйлийг сурлаа гэж итгэдэг ч эцсийн дүндээ би хүүхэддээ заахаасаа илүү ихийг хүү, охиноосоо сурч байна. Өмнөө байгаа төсөөллийн тоглоомдоо бүрэн автаж, амьдралын хамгийн энгийн мэт өчүүхэн зүйлсээс гоо үзэсгэлэнг олж хардаг дотоод хүүхдээ сэрээх, тэрхүү хиргүй хүүхдийн сэтгэлийг унтуулахгүй байх нь амьдралын мөн чанарт ойртуулдаг бололтой.