Өнгөрсөн онд цар тахал, хөл хорионоос шалтгаалж бидний амьдралын хэв маяг төдийгүй хувцаслалтын хэв маяг ихээр өөрчлөгдсөн билээ. Ихэнх цагаа гэртээ өнгөрөөсөн бидний хувьд хувцасны өнгө үзэмжээс илүү биед тав тухтай байдал нь чухал шалгуур болсон. Тэгвэл 2021 онд хамгийн загварлагт тооцогдох гутлуудад ч бас гоёмсог өндөр өсгийтүүд бус хөлд эвтэйхэн шаахай, намхан ултай гутлууд орсон байна.
1. Загварлаг шаахай
Гэрийн шаахайнаас санаа авсан гоёмсог загварын шаахайнууд сүүлийн үеийн халуухан трендүүдийн нэг болоод байна. Зөвхөн гэртээ бус гарахдаа ч хөлд эвтэйхэн, биед амар хирнээ загварлаг харагдах шаахайг сонгоорой.
2. Морины гутал
Барууны соёлд морь унахдаа өмсдөг урт түрийтэй, намхан ултай, арьсан гутал нь энэ жилийн тренд загваруудын нэг болж байна. Уг загварыг сонгон өмсч яг л Диана гүнж шиг дэгжин стилийг бүрдүүлж болох нь.
3. Минималист сандаалууд
Минимал загвартай, дэгжин өсгийтэй, арьсан материалтай, цэмцгэр сандаал нь энэ зуны загварлаг сонголт байх нь. Зуны нарлаг өдрүүдэд уг загварыг өмсч, далимаар нь гоёмсог педикураа гайхуулаарай.
4. Сургуулийн ботинк
Сурагч охидынх шиг загвартай энэхүү ботинкыг өмсөхдөө дээгүүрээ цайвар сорочкон цамц болон өнгөлөг сүлжмэл цамцтай давхарлан хослуулж “Preppy” дүр төрхийг бүтээгээрэй. Харин доогуураа сул даавуун өмд эсвэл шоотой богино юбка өмсч болох юм. Ганган оймстой хослуулж бүр ч донжтой харагдана.
5. Ковбой гутал
Ковбой гуталны эрин үе эргэн ирлээ. Ковбой гутал нь өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой, ямар ч төрлийн хувцастай зохицож дэгжин харагдуулдгаараа онцлогтой загвар юм.
6. Арзгар ултай гутал
Сүүлийн үед Инстаграм дээр байнга харагдах болсон нэгэн тренд нь арзгар ултай хагас түрийтэй загварууд. Хөлд эвтэйхэнээс гадна хувцаслалтыг илүү хээнцэр бөгөөд загварлаг харагдуулж чаддаг загвар өөр байхгүй биз.