Бүсгүйчүүдийн зун өмсөх дуртай загваруудын нэг бол яах аргагүй цагаан жийнс билээ. Уг загварыг бусад хувцастай хэрхэн зохицуулж энгийн, чөлөөт, ажил хэрэгч гэх мэт өөр өөр дүр төрхүүдийг бүрдүүлэх талаар зөвлөгөөг хүргэе.
1. ТОЛГОЙНООС ХӨЛ ХҮРТЭЛ ЦАЙВАР ӨНГӨӨР ХОСЛУУЛАХ
Цагаан, сувдан цагаан, цайвар бэйж зэрэг ижил төстэй өнгөнүүдийг хооронд нь уусгаж хослуулснаар нь маш амархнаар дэгжин дүр төрхийг бүрдүүлэх боломжтой. Тухайлбал, зуны улиралд цагаан өнгийн шортыг цайвар бэйж өнгийн пиджактай өмсөж, доогуураа яг одоо тренд болоод буй утсан сандаалтай хослуулан орчин үеийн ажил хэрэгч стилийг бүрдүүлж болох юм.
2. РЕТРО ХЭВ МАЯГ
Сүүлийн үед хуучны загваруудыг сэргээж өмсөх нь түгээмэл тренд болоод байгаа. Харин загвар зохион бүтээгчдийн хамгийн их сэдэл авдаг цаг үе бол 1990-ээд он. Энэ жилийн хувьд хуучны ретро хэв маягтай, өндөр суудалтай, МОМ жийнс тренд болоод байна. Тиймээс энэ зун цагаан өнгийн МОМ жийнсийг сонгоод үзээрэй.
3. ЦАГААН ЖИЙНСЭН ХҮРЭМ
Цагаан жийнс гэхээр зөвхөн өмдний талаар яриагүй юм шүү. Ямар ч хувцас дээр зохидгоороо онцлогтой цагаан өнгийн жийнсэн хүрмийг сонгож илүү чөлөөт стилийг бүрдүүлж болох юм. Үүнийгээ харин өнгөлөг принттэй даашинзтай эсвэл цагаан шаргал өнгийн өмдтэй хослуулаарай.
4. АЖИЛ ХЭРЭГЧ БАС ЧӨЛӨӨТ
Бас нэгэн зуны сонголт бол цагаан өнгийн жийнсэн юбка юм. Өндөр суудалтай, өвдөг хүртэл урттай жийнсэн юбкаг чөлөөт болон ажил хэрэгч хувцаслалт дээр аль алин дээр нь зохицуулан өмсөх боломжтой. Тухайлбал цагаан жийнсэн юбкаг цайвар өнгийн сорочкон цамцтай хослуулаад, минимал загвартай углааш өмсвөл BUSINESS CASUAL стиль бүрдэх ба өдөр тутамд ч, ажил хэргийн уулзалтанд ч зохимжтой харагдана
5. ДЭГЖИН ДҮР ТӨРХИЙГ БҮРДҮҮЛЭХ
Харин зуны орой найзуудтайгаа гарах гэж байвал цагаан өнгийн трапецан загвартай, өргөн жийнсэн өмдийг сонгоорой. Богино загвартайг сонговол илүү орчин үеийн, харин урт загвар нь илүү ретро хэв маягтай харагддаг. Мөн бие барьсан боди, хар пиджактай хослуулан гоёмсог, ажил хэрэгч төрхийг бүрдүүлэх боломжтой.