Загварын чиглэлээр суралцах нь зөвхөн загвар зохион бүтээх, зураг зурахад суралцдаг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Загварын чиглэл нь олон салбарт хуваагдах ба оюутнууд нь загварын зах зээлийг ойлгох, түүний үүсэл хөгжил, түүх, орчин үеийн тренд, мөн загварын салбарт тулгамдаад буй асуудлууд, нийгмийн хариуцлага, үйлдвэрлэл худалдаа гэх мэт загварын зах зээлийг бүхий л талаас нь судалдаг. Тэгвэл ирээдүйд загварын хөгжилд түлхэц болох нөлөө бүхий хүмүүсийг төрүүлж буй дэлхийн хамгийн шилдэг загварын сургуулиудаас танилцуулъя.
Нью Йорк дахь топ сургуулиуд
Parsons, The New School for Design
Нью Йоркт байрлах “Parsons” дизайны сургуульд загвар зохион бүтээх, загварын судалгаа, загварын маркетингийн чиглэлүүдээр суралцах боломжтой. Дэлхийн алдартай загвар зохион бүтээгчид болох Tom Ford, Donna Karan, Marc Jacobs, Alexander Wang, Jason Wu нар уг сургуулийн төгсөгчид юм. Тэд өмнөх төгсөгчидтэйгөө үргэлж харилцаа холбоотой ажилладгаараа онцлогтой бөгөөд Donna Karan, Proenza Schouler нартай хамтарч сургалтууд хийж байжээ.
Сургалтын төлбөр : Жилийн 50.000$ орчим
The Fashion Institute of Technology (FIT)
FIT нэрээрээ танигдсан Fashion Institute of Technology нь 1944 онд үүсгэн байгуулагдсан ба хувцас дизайн, бизнес, маркетинг, илюстратор, стилистийн програмуудтай. Алдартай загвар зохион бүтээгчид болох Carolina Herrera, Calvin Klein, Michael Kors энэ сургуулийг төгсөж байжээ. Түүнчлэн загварын түүхч Valerie Steele нь FIT-д лекц орохоос гадна музейнх нь куратороор ажилладаг байна.
Төлбөр : Бакалаврын 1 семестр нь Нью Йоркийн оршин суугчдад $3,500, бусад оюутнуудад $10,500
Лондон дахь топ сургуулиуд
Central Saint Martins
UAL буюу Лондонгийн урлагийн их сургуулийн нэг хэсэг болсон Central Saint Martins сургууль нь дэлхийн хамгийн алдартай загварын сургуулиудын тоонд зүй ёсоор тооцогддог. Загвар , материалын чанар болон гоёл чимэглэлийн дизайн зэрэг програмуудтай. Дэлхийн төвшний чадварлаг багш, ажилчидтай. Уг сургуулийг Английн загвар зохион бүтээгчид болох Alexander McQueen, Paul Smith, Stella McCartney, Christopher Kane нар төгссөн юм.
Төлбөр: Бакалавр нь Англи болон Европоос ирсэн оюутнуудынх 1 жилийн £9,250, харин олон улсын оюутнуудынх £19,930
London College of Fashion
UAL-д харьяалагдах бас нэгэн томоохон сургууль бол London College of Fashion юм. Загварын чиглэлийн олон төрлийн курстай. Тухайлбал, хувцас дизайн, загварын маркетинг, сэтгүүл зүй, худалдаа, мерчиндайзинг, гоо сайхан, косметикын шинжлэх ухаан, загварын куратор, гутал болон гоёл чимэглэлийн дизайн зэрэг төрөл бүрийн ангиудыг санал болгодог. Алдартай гутлын дизайнериуд болох Jimmy Choo, Rupert Sanderson нар уг сургуульд сурсан байна.
Төлбөр : Бакалавр нь Англи болон Европоос ирсэн оюутнууд 1 жилийн £9,250, харин олон улсын оюутнууд £19,930 төлбөртэй.
Милан дахь топ сургуулиуд
Istituto Marangoni
The Istituto Marangoni нь нийт 3 салбартай ба төв нь Миланд, бусад хоёр нь Лондон болон Парист байрладаг. 3 кампустаа нийт 2000 орчим оюутантай бөгөөд хувцас дизайн, загварын худалдаа, брэнд менежмент, загварын сурталчилгаа зэрэг ангиудтай. Италийн алдарт загвар зохион бүтээгчид болох Franco Moschino, Domenico Dolce нар уг сургуулийн төгсөгчид юм.
Төлбөр: Сонгосон програм, иргэншил болон ямар хэл дээр сурахаас хамааран €16,200- €19,400 хооронд төлбөртэй байдаг.
Politecnico di Milano
1863 онд үүсгэн байгуулагдсан Politecnico di Milano сургууль нь Итали дахь архитектур, дизайн болон инженерийн хамгийн том сургууль юм. Нийт 42,000 орчим оюутантай. Хувцас дизайны бакалавр, загварын системийн магистрын програмуудыг санал болгодог. Түүнчлэн загварын сургуулиуд дундаа хамгийн боломжийн үнэтэйд тооцогддог байна.
Төлбөр : Жилийн €895-€3,898 (Европ оюутнуудад), бусад олон улсын оюутнуудын төлбөр илүү өндөр байдаг.
Парис дахь топ сургуулиуд
Ecole de la Chambre Syndicale de la Couture Parisienne
Ecole de la Chambre Syndicale de la Couture Parisienne сургууль нь хувцас дизайн, загвар бүтээх техник, дэлхийд танигдсан кутюрын ангиудыг санал болгодог. Парис дахь уг загварын сургуулийг дэлхийн алдартай загвар зохион бүтээгчид болох Yves Saint Laurent, Valentino , André Courreges нар төгсжээ. Уг сургууль нь босго өндөртэй тул өмнө нь дизайн чиглэлээр сурч байгаагүй бол бараг тэнцдэггүй гэнэ.
Төлбөр : Жилийн €13,050 – €14,400 хооронд байдаг.
ESMOD (l’Ecole Supérieure des Arts et techniques de la Mode)
ESMOD нь 1841 онд байгуулагдсан ба Францын хамгийн анхны загварын их сургууль юм. Дэлхий даяар нийт 21 салбартай ба олон улсын хувцас дизайн болон бизнесийн сургуулиуд нь Парист байрладаг. Хувцас дизайн, загварын бизнесийн сургуулиуд нь 1500 орчим оюутантай. Загвар зохион бүтээгч Thierry Mugler , Nina Garcia нар уг сургуулийг дүүргэжээ.
Төлбөр : Бакалавр нь жилийн €10,550 , магистрын ангиуд €12,900 төлбөртэй.