Орчин үеийн их хотын бүсгүйчүүдэд зориулан загварлаг бөгөөд ажил хэрэгч, сонгодог загварын хувцас үйлдвэрлэгч Frankie Shop брэндийг дэлхий нийт аль хэдийн хайрлаж эхэлсэн билээ. Сэтгүүл зүйн салбараас загвар руу шилжсэн ABC News телевизийн продюсер асан Gaelle Drevet нь 2014 онд анх брэндээ үүсгэн байгуулсан бөгөөд Frankie Shop нь өдгөө Нью-Йорк болон Парист салбаруудтай. Gaelle Drevet нь Франц гаралтай учир брэнддээ минимал хэв маягийг, Францын Je Ne Sais Quoi (үгээр тайлбарлах боломжгүй сайн чанар)-г хамтад нь шингээжээ.
Үүсгэн байгуулагдсанаасаа хойш хоёр жилийн дараа брэнд өөрийн гэсэн вэбсайттай болсон ба Gaelle Drevet бүх зүйл зарагдахгүй байж болох эрсдэлийг тооцон цөөн төрлийн хувцсыг байршуулсан боловч ийм тактик нь хүмүүсийн сонирхлыг улам ихээр татаж хэдхэн хоногийн дотор бүх хувцаснууд зарагдаж дуусдаг байв. Үүний зэрэгцээ Drevet #frankiegirl хаштаг ашиглан 23 мянга гаруй бичлэг цацан The Frankie Shop-ийг Instagram дээр алдартай болгож чадсан юм.
Lyst худалдааны платформын мэдээллэж буйгаар 1980-аад оны үеийн нэмэлт мөртэй The Frankie Shop футболк нь 2020 оны хамгийн хүсэмжит хувцасны нэг болж чаджээ.
Брэндийн хорхойтнуудын дунд алдартнууд болох Hailey Bieber, Rosie Huntington-Whiteley нар багтдаг.
Түүнчлэн Инстаграмд 1,1сая дагагчтай загварын инфлюенсер Camille Charriere өнгөрсөн тавдугаар сард The Frankie Shop-тэй хамтарсан шинэ коллекцио гаргасан юм.Алдартай хувцас загварын брэндүүдийн үйлдвэрлэл, ёс зүй, байгалд ээлтэй байдлыг дүгнэж үнэлгээ өгдөг дэлхийн тэргүүлэгч судалгааны вэбсайт болох goodonyou.eco дээр Frankie shop маш өндөр үнэлгээг авдаг. Дахин боловсруулагдсан материал ашигласнаар үйлдвэрлэлтийн явцад хэрэглэгдэх химийн бодис, цэвэр болон бохир усны хэмжээг багасгаж нүүрсхүчлийн хийг бууруулахад давуу тал болдог хэмээн тус брэнд үздэг.
Тус брэнд нь хөдөлмөрийн мөлжлөг хамгийн багатай улсуудын нэгт тооцогддог Канад улсад үйлдвэрлэлтийнхээ сүүлийн шат дамжлагыг явуулдаг мөн ажилчдын эрх ашгийг хамгаалах тухай дүрэм журам болон тогтвортой, бодит хөдөлмөрийн үнэлэмж олгодог нь томоохон онцлог болж өгдөг байна.
Vegan статустай биш ч үйлдвэрлэлдээ амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд хэрэглэдэггүй зэрэг нь Frankie shop брэндийг байгалд ээлтэй загварлаг брэнд гэсэн тодотголыг авахад хамгийн чухал нөлөөлсөн юм.