Италийн Молвена тосгоноос гаралтай Diesel брэнд нь жижиг жийнсний үйлдвэрээс жилийн 1.3 тэрбум еврогийн эргэлттэй, амьдралын хэв маягийг цогц бүрдүүлэх дэлхийд танигдсан томоохон брэнд болж чадсан юм.
Diesel брэндийн үүсгэн байгуулагч Ренцо Россо нь Италийн нэгэн жижиг тосгонд төрж өссөн ба 15 настайдаа нутгийнхаа Техникийн коллежид сүлжмэл, үйлдвэрлэлийн ангид суралцаж байв. Түүний анхны хийсэн хувцас болох намхан суудалтай, трапецэн өмд нь найзуудынх нь дунд эрэлттэй загвар болж байлаа. Үүний дараа Moltex брэндийн үүсгэн байгуулагч Адриано Гольдшмидт Россогийн авьяас чадварыг үнэлэн өөрийнхөө компанид ажиллах саналыг тавьсан байна. 1978 онд тэд хамтран ‘Moltex’ жийнсний брэндийг “Diesel” болгон шинэчилж байсан түүхтэй.
Энэ бол загвар болон технологи маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байсан үе бөгөөд бусад брэндүүд шинэ трендийн араас хөөцөлдөж байхад Россо “Diesel”-ийн үндсэн хэв маягийг алдагдуулалгүй барьж явахыг илүүд үзжээ. Diesel жийнс нь анхнаасаа өмсөөд хуучирсан юм шиг винтеж загвартай, уранхай деталиудаараа бусдаас онцлог байв. Уг өвөрмөц хэв маяг нь тэднийг Италидаа төдийгүй дэлхийд гарч ирсэн амжилтын нууц юм.
Харин 1985 онд Россо компаниа бүрэн мэдэлдээ авснаар Diesel брэндийн хувьд том хувьсал болсон гэж хэлж болно. Тэрээр загвар дизайны тал дээр арга барилаа өөрчилж, илүү чөлөөт сэтгэлгээтэй шинэ загвар зохион бүтээгчдийг компанидаа авч, өөртэйгөө ижил сонирхолтой, загварын мэдрэмжтэй хүмүүстэй хамтран шинэ загварын трендүүдээс үл хамааран өөрсдийн онцлогийг харуулсан дизайныг бүтээх болжээ. Ийнхүү загвар зохион бүтээгчиддээ эрх чөлөөг олгосноор илүү шинэлэг бөгөөд бүтээлч загварууд гарах болсон байна.
Diesel бол бусдаас өөр байхаас айдаггүй, массын эсрэг байх дуртай хүмүүст зориулагдсан, нийгэмдээ зоригтойгоор дуу хоолойгоо хүргэдэг брэнд билээ. Сурталчилгааны зураг авалтууд нь хүртэл бусдаас өвөрмөц, шинэлэг, хөгжилтэй, өдөөн хатгасан маягтай байдаг бөгөөд үүгээрээ хүмүүст ямар нэгэн мессеж өгөхийг зорьдог.
Бүтээлч сэтгэлгээ, мэдрэмж, ур чадварыг чухалчилдаг уг брэндийн загвар зохион бүтээгчид нь дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан авьяастнуудаас байдаг ба тэд жилдээ 4 удаа дэлхийг тойрон аялж, шинэ бүтээлч санааны эрэлд гардаг гэнэ. Өдгөө Diesel нь дэлхий даяар 5000 гаруй цэгээр худалдаалагддаг, 400 гаруй нэрийн дэлгүүртэй хамгийн амжилттай яваа дэлхийн томоохон брэндүүдийн нэг болоод байна.