Дүрэлзсэн гал улаан өнгөөрөө загварын ертөнцөд нэрээ мөнхөлсөн Valentino-гийн загварын ордонг мэдэхгүй хүн ховор байх. Романтик стилийн гоёмсог даашинзууд, хадаастай деталь бүхий загварлаг гутал цүнхээрээ танигдсан Valentino брэндийг анх Валентино Гаравани, Жианкарло Жиаметти нар 1960 онд үүсгэн байгуулжээ.
Валентино Гаравани нь багаасаа л хувцас загварт сонирхолтой байсан ба Парисын алдарт École des Beaux-Arts болон Chambre Syndicale de la Couture Parisienne дизайны сургуулиудад сурч байсан. Сургуулиа төгсөөд өөрийн загварын брэндээ нээхээр төрөлх нутагтаа эргэн ирж, бидний мэдэх алдарт VALENTINO брэндийг Италийн нийслэл Ром хотод нээж байсан түүхтэй.
Тэрээр 1960 онд архитектурын оюутан Жианкарло Жиаметтитай Ромд танилцаж ажлын болон амьдралын хамтрагчид болсон нь тэдний амьдралын эргэлтийн цэг байсан гэж хэлж болно. Тэд хамтдаа дөнгөж үүсгэн байгуулагдаад удаагүй, хүмүүст танигдаагүй байсан брэндийг дэлхийд алдартай загварын ордон болгож чадсан юм.
Анхны олон улсын шоугаа 1962 онд Флоренцид байрлах Питти ордонд хийсэн нь орон орны нөлөө бүхий эмэгтэйчүүдийн анхаарлыг татсан үйл явдал болов. Бельгийн хатан хаан Паолагаас эхлээд кино жүжигчид Элизабет Тейлор, Одри Хепбёрн, мөн Жаклин Кенеди нарыг брэндийнхээ үнэнч хэрэглэгчид болгож чаджээ.
Сонирхуулахад VALENTINO-гийн нэрийн хуудас болсон тансаг улаан өнгийг Барселонагийн дуурийн театраас сэдэл авч бүтээсэн гэнэ. Валентино багадаа дуурийн театрын балкон дээр сууж буй бүсгүйчүүдийг хараад сагс дүүрэн улаан цэцэгстэй зүйрлэн боддог байжээ. Тиймээс ч VALENTINO RED өнгөөрөө дэлхий дахинд танигдсан билээ. Мөн бүх өнгөн дундаас хар, цагаан өнгөтэй эн зэрэгцэх хүчирхэг өнгө бол улаанаас өөр байхгүй хэмээн хэлж байсан удаатай.
Өдгөө уг загварын ордон нь Valentino, Valentino Garavani, Valentino Roma , Valentino R.E.D зэрэг лайнуудтай ба эдгээр нь эрэгтэй эмэгтэй от кутюр, прет-а-порте тансаг зэрэглэлийн хувцас, гутал, цүнх, арьсан эдлэлүүд, нүдний шил, үнэртэй ус болон бусад аксессуаруудыг үйлдвэрлэн гаргаж, дэлхий даяар 100 гаруй улсад 175 нэрийн дэлгүүртэй ба 1500 гаруй худалдаалдаг цэгтэй болсон байна.