Загварын ертөнцийг жинхэнэ урлаг талаас нь харуулдаг 2022 оны От Кутюр загварын 7 хоног 1 сард болж өнгөрсөн. Жил бүрийн От Кутюр шоу нь Schiaparelli, Dior, Chanel, Fendi, Valentino зэрэг дэлхийн хамгийн том загварын ордуудын хувьд өөрсдийн уран сэтгэмж, хамгийн бүтээлч байдлаа харуулах боломж нь байдаг. Тэгвэл энэ жилийн хамгийн онцгой, сэтгэлд хоногшсон, гайхалтай коллекциудаас хүргэе.
Fendi
Италийн Ром хотоос гаралтай Fendi брэнд нь 2022 оны хаврын кутюр коллекцио олон жилийн түүхтэй төрөлх хотоосоо сэдэл аван бүтээжээ. Шоуны тайз засалт нь тэнгэр огторгуй, галактикийг дүрсэлсэн ба харанхуй, утаа суунагласан тайз нь яг л Марвелын sci-fi кинонд орсон юм шиг сэтгэгдэл төрүүлж байлаа. Дээгүүрээ Ромын эртний аркуудаас сэдэл авч орчин үеийн байгууламж хийсэн нь ирээдүйг өнгөрсөнтэй холбосон мэт. Коллекцид чамин хатгамал бүхий нөмрөг, корсеттой богино даашинз, тансаг загварын урт хилэн даашинзууд болон Fendi брэндийн нэрийн хуудас болсон үслэг эдлэлүүд оржээ. Эдгээр загварууд дээрээ Ромын гайхалтай уран баримлуудыг дүрслэн зурсан нь хараа булааж байлаа.
Valentino
Valentino-гийн хувьд энэ удаагийн шоундаа кутюрын уламжлал болсон туранхай бие галбирыг халж өөр өөр биеийн хэлбэр хэмжээтэй, хоорондоо насаараа ялгаатай загвар өмсөгчдийг оролцуулжээ. Энэ нь кутюр шоуны хувьд их ховор тохиолдол юм. Загварын ордны бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли хэлэхдээ одоогийн Gen Z үеийн хүүхдүүд сошиал медиа дунд филтер, мэс засал нь гоо сайхны стандарт болсон үед өсч байна. Энэ коллекциороо тэр залууст урам зориг өгч, чи байгаагаараа үзэсгэлэнтэй гэсэн мессеж өгөхийг зорьсон гэжээ. Коллекцийн хувьд тод өнгийн гоёлын даашинзууд, өнгөөр дагнасан хослолууд, мини даашинзууд зэрэг от кутюрын илүү орчин үеийн хувилбарыг харуулсан гэж хэлж болно.
Schiaparelli
Жилийн жилд Schiaparelli-гийн кутюр шоуг загвар сонирхогчид хамгийн их хүсэн хүлээдэг бөгөөд жилийн хамгийн үзүүштэй, нүд баясгасан шоунуудын нэг болдог билээ. Дэлхий дахин сүүлийн 2 жил цар тахалд нэрвэгдэж, хөл толгой нь мэдэгдэхээ больсон ороо бусгаа ийм үед бидэнд түр ч атугай бодит байдлаас ангижирч зугтах газар хэрэгтэй. Яг энэ бодит ертөнцөөс тасарсан мэдрэмжийг Schiaparelli-гийн сюрреализт шоунуудаас мэдэрч болдог. Энэ удаагийн шоугаараа брэндийн бүтээлч захирал Даниел Рөүзберри нь бидний дунд алхаж буй үлгэр домгийн охин тэнгэрүүд, харь гаригийнхныг дүрслэхийг хүсжээ. Хар, цагаан, алтлаг өнгөөр дагнасан тансаг хослолууд, конус хэлбэрийн хөхөвч, хурц шийдэлтэй загварууд, өвөрмөц хэлбэр бүхий алтлаг деталиудаар үнэхээр гайхамшигтай, ахин давтагдашгүй коллекцийг бүтээсэн байна.