Энэ хавар хурц тод өнгө, гялалзсан материал, нүцгэн тренд, ялаа шил, шигтгээтэй толгойн гоёл гэх мэт содон шийдлүүд тренд болоод байгаа. Тэгвэл 2022 оны загварын чиг хандлагыг тодорхойлоод буй бас нэгэн сонирхолтой тренд бол муур эмэгтэйнх шиг бие барьсан өмсгөл юм. 1970, 1980-аад онуудад моданд орж байсан уг загвар нь Saint Laurent, Stella McCartney, Burberry зэрэг томоохон брэндүүдийн 2022 оны хавар зуны загварын шоунуудад ноёрхож байсан.
“Saint Laurent” брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарелло уг загварыг эрхэмсэг бас хүчирхэг хэмээн тодорхойлсон байна. Мэдээж тэр чигтээ бариу, биеийн галбирыг харуулах учир иймэрхүү стилиэр хувцаслахад багагүй зориг, өөртөө итгэх итгэл шаардана. Түүнчлэн сүүлийн үед энэ загварт олны танил алдартнууд ч мөн дурлах болсон ба загвар өмсөгч Хейли Бибер, жүжигчин Сиенна Миллер, дуучин Дуа Липа, сошиал од Ким Кардашьян нар уг бариу өмсгөлөөр гоёж харагдсан.
Хэрвээ танд “Сatsuit” тренд таалагдаж байвал өнгөлөг принттэй эсвэл шигтгээн чимэглэлтэй загваруудаас нь туршаад үзээрэй. Жүжигчин Сандра Буллок шиг гадуур нь өргөн мөртэй, хэлхгэр загварын пиджактай хослуулбал бүр ч дэгжин харагдах болно.