Эрчүүдийн загварын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох 2023 оны хаврын шинэ загваруудыг танилцуулах “Питти Уомо 2022” энэ сарын 14-ний өдөр эхэллээ.
“Питти Уомо” нь 1952 оноос хойш жил бүрийн нэг болон 6 саруудад Италийн Флоренц хотод зохиогддог уламжлалтай. Флоренц нь гар хийцийн арьсан гутал, цүнх, аксессуаруудаараа алдартай бөгөөд Emilio Pucci, Roberto Cavalli, Gucci, Ermanno Scervino, Salvatore Ferragamo зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд нь энэ үзэсгэлэнт хотоос гаралтай.
Дэлхийн өнцөг булан бүрээс 30,000 бизнес эрхлэгчид, худалдан авагчид, үзэсгэлэн зохион байгуулагчид, сэтгүүлчид болон эрэгтэй загварын салбарынхан цуглаж ижил төрлийн бизнес эрхэлдэг, нэгдсэн сонирхолтой хүмүүстэй уулзаж танилцах, брэндээ таниулах, хамтрах, холбоо харилцаагаа тэлэх боломжтой нэг ёсны томоохон бизнес уулзалт болдог. Өдгөө Питти Уомо нь зөвхөн эрчүүдийн загвараас гадна “Pitti Fillati” нэхмэлийн утас, “Pitti Bimbo” хүүхдийн хувцас, Италийн хүнсний бүтээгдэхүүн, үнэртэй ус зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг нэгтгэсэн томоохон худалдааны арга хэмжээ болон өргөжжээ.
Жил бүрийн Питти Уомо дээрх загварын шоунууд болон ирсэн зочдын хувцаслалтаас эрэгтэй загварын чиг хандлага, стиль хаашаа чиглэж, хэрхэн өөрчлөгдөж буйг харах боломжтой. Энэ жилийн хувьд зочид нь урьд өмнөхөөсөө илүү спортлог хувцасласан нь ажиглагдав. Дэгжин хослолынхоо доогуур пүүз өмссөн эсвэл зуны даавуун өмдтэй, өнгөлөг принт бүхий чөлөөт загварын хувцсан дээр Vans, Nike, New Balance брэндийн кетийг хослуулж саравчтай малгай өмссөн нь тун загварлаг харагдаж байлаа.
Cонирхуулахад Бельгийн алдарт загвар зохион бүтээгч Ann Demeulemeester энэ жилийн “Pitti Immagine Uomo” арга хэмжээний 102 дахь хүндэт зочноор оролцож үзэсгэлэнгээ гаргасан. Тэрээр Ann Demuelemeester брэндийнхээ 40 жилийн ойд зориулж 40 загварыг үзэсгэлэндээ байршуулсан ба шинэ багийнхныхаа бүтээсэн 6 загварыг нэмэлтээр оруулжээ.