Дэлхий дахинд өндөр өсгийтэй гутлыг хамгийн анх эрчүүдэд зориулан урлаж байжээ. Өндөр өсгийтийн гарал үүсэл 15-р зууны үеийн Перс цэргүүдээс улбаатай бөгөөд дөрөөнд хөлөө бэхлэхийн тулд өмсдөг байжээ. Перс цагаачид гутлын чиг хандлагыг Европ тивд хамгийн анх нэвтрүүлсэн ба эрэгтэй язгууртнууд илүү өндөр, сүрлэг харагдахын тулд өмсдөг байв. Түүнчлэн өсгийтэй гутлаар дамжуулан нийгмийн байр суурь, цэргийн хүч, загварын мэдрэмжийг илэрхийлэх боломжтой байжээ.
Эртний эмэгтэйчүүдийн гутал
Сэргэн мандалтын үеийн Итали, Испанийн язгууртан угсааны эмэгтэйчүүд дараах тавцан мэт гутлыг өргөн банзал дотор өмсдөг байсан ба 54 см хүртэл байх нь тун элбэг, үүгээр дамжуулан тухайн эмэгтэйн нийгмийн гарал үүслийг бүрэн дүүрэн мэдэх боломжтой аж.
Улаан ултай гутал, Лара Вольфын зураглал
Францын Людовик XIV нь 1673 онд улаан ул болон өсгийтэй гутлыг хамгийн анх өөрийн ордонд нэвтрүүлэн, түүний хэрэглээг зөвхөн язгууртнуудын хүрээлэлд хязгаарлаж байжээ. Хожим нь энэхүү зан үйл нь Европ тивд мөн адил өргөн дэлгэр тархаж, улаан ул болон өсгийтэй гутал нь зөвхөн хааны угсаа болон язгууртнуудыг илэрхийлж буй нэгэн бэлэг тэмдэг болон хувирчээ.
“Озын шидтэн” кинонд ашигласан бадмаараг шаахай
“Озын шидтэн”, “Салхинд туугдагсад” зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүд нь өнөөгийн дэлгэцийн уран бүтээлийн суурийг тавьсан бөгөөд өнгөт кино нь 1916 онд хамгийн анх үүсжээ. “Озын шидтэн” романы гол дүр болох Доротигийн алдарт гутал угтаа шаргал өнгөтэй байсан ч технологийн шинэчлэлийн процессыг бүрэн дүүрэн үзэгчдэд хүргэхийн тулд уг гутлыг гялтгар улаан өнгөтэй болгон хувиргаж байжээ.
Эртний Хятадын уламжлалт гутал: “Гоо үзэсгэлэнг тэвчихүй”
Хятадын хөл боох уламжлалт соёл нь үндсэндээ 20-р зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн бөгөөд лянхуа цэцэг мэт охидын хөлийг маш жижигхэн болгохын тулд бага наснаас нь эхлэн чанга гэгч нь боодог байжээ. Энэхүү уламжлал нь орчин үеийн өндөр өсгийттэй нэлээд дөхөм хэмээн үздэг байна.
Шилэн шаахай, Лара Вольфын зураглал
Бидний сайн мэдэх “Cinderella” кино нь нэгдүгээр зууны Египетээс эхлэлтэй ба дэлхийн хамгийн эртний гутлын түүхүүдийн нэг юм. Уг зохиол нь Африк тивээс Европ хүртэл хэд хэдэн хувилбараар хэвлэгдэн олон зууны туршид яригдсаар ирсэн бөгөөд Америк тивийн уугуул иргэдийн соёлоор дамжин үлгэрт гарч буй гол дүрийн болор шаахай нь дэгжин гутлын ач холбогдол, хүч, ид шидийг илэрхийлдэг.