1. Нэрийн эхний үсэг байхад л хангалттай гэсэн уриатай Bottega Veneta брэнд нь хэзээ ч том лого бүтээгдэхүүн дээрээ байршуулдаггүй. Сүлжмэл загварууд, чанартай хийц, сонгодог загварууд нь нэгэнт тэдний нэрийн хуудас болсон учир логоны шаардлага байхгүй гэж үздэг байна. Бүтээгдэхүүний дотор талд л брэндийн нэрийг жижгээр бичсэн байдаг.
2. Bottega Veneta нь Венецчүүдийн дэлгүүр гэсэн утгатай ба 1966 онд Италийн Виченца мужид үүсгэн байгуулагдсан. Анх нээгдэхдээ зөвхөн арьсан эдлэлээр дагнадаг дэлгүүр байжээ.
3. Bottega Veneta брэндийг хүмүүст таниулж чадсан зүйл нь тэдний “Intrecciato” сүлжмэл загварууд бөгөөд одоо ч брэндийн гол таних тэмдэг болсоор байна. Энэ сүлжээс нь хүч чадал болон гоо үзэсгэлэнг билэгддэг гэнэ.
4. Bottega Veneta брэндийг 2001 онд бараг л дампуурах шахаж байхад Gucci Групп худалдан авч хувцас, гоёл чимэглэл, тавилга, нүдний шил, гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг нэмж үйлдвэрлэн брэндийн төрлийг өргөжүүлж байсан түүхтэй. Өдгөө уг брэнд нь арьсан эдлэл, гутал, цүнх, гэр ахуйн бараагаараа хамгийн алдартай билээ.
5. Bottega Veneta брэндийн Cabat, Veneta, Knot загварын цүнхнүүд нь хамгийн алдартай. Тэгвэл “Knot” гар цүнхийг брэндийн бүтээлч захирал Томас Майер нь Bottega Veneta-гийн хуучны архиваас буюу 1978 оны загвараас санаа авч 2001 онд шинэчлэн бүтээж байжээ. Үүнээс хойш уг цүнх нь маш олон төрлийн материалаар хийгдсэн ба 2014 онд Knot загвартаа зориулан St. Tropez дахь дэлгүүртээ 300 гаруй цүнх бүхий үзэсгэлэнг гаргаж байсан.
6. Scuola della Pelletteria нэртэй Bottega Veneta брэндийн тусгай сургууль 2006 онд нээгдэж байсан ба гар урлал, арьсан эдлэл хийдэг уран дархнуудыг сургаж брэндийн өв уламжлалаа хадгалахыг гол зорилгоо болгож байв.
7. Гэр бүлийн жижиг бизнесээс гараагаа эхэлсэн уг брэнд нь өдгөө 1.5 тэрбум евро эргэлдүүлдэг дэлхийн хамгийн алдартай, үнэ цэнэ бүхий брэндүүдийн нэг болжээ. Дэлхий даяар 40 гаруй улсад 268 нэрийн дэлгүүртэй. Хамгийн том дэлгүүр нь Италийн Милан хотод Sant’Andrea-д байрладаг. Уг дэлгүүрт брэндийн эрэгтэй эмэгтэй хувцас, гутал, гоёл чимэглэл, нүдний шил, үнэртэй ус, чемодан, тавилга болон гэр ахуйн коллекциуд нь бүгд байдаг.
8. Bottega Veneta нь 1980-аад оноос алдартнууд, уран бүтээлчдэд танигдаж эхэлсэн ба үнэнч хэрэглэгчдийн нэг нь Америкийн вижуал артист Энди Уорхол байв. Тэрээр Bottega Veneta-гийн Нью-Йорк дахь дэлгүүрээр ойр ойрхон зочилдог байсан гэнэ. Мөн брэндийн талаарх богино хэмжээний киног хүртэл бүтээж байжээ. Bottega Veneta нь Монакогийн гүнж Шарленаас эхлээд Жаклин Кеннеди, Амаль Клуни, Николь Кидман, Камерон Диаз, Рианна зэрэг үе үеийн алдартнуудын хайртай брэнд болж чадсан юм.