Намар гэхээр л шаргал, хүрэн, бор зэрэг завсрын өнгөнүүд санаанд ордог шүү дээ. Харин энэ жилийн хувьд илүү өнгөлөг буюу гүн цэнхэр, тод ягаан, пастель өнгөнүүд загварын чиг хандлагыг тодорхойлоод байна. Ингээд 2022 оны намар өвлийн коллекциудад хамгийн түгээмэл ажиглагдсан 5 өнгөний трендийг хүргэе.
Далайн гүн цэнхэр өнгө
Цэнхэр тэнгэрийн өнгө, далайн гүн цэнхэр, хөх зэрэг өнгөнүүд энэ жилийн өнгөний трендийг тодорхойлж байна гэхэд хилсдэхгүй. Цэнхэр өнгө нь тод юм шиг хэрнээ бусад өнгөнүүдтэй маш сайн хоршиж чаддагаараа онцлог. Тухайлбал бэйж, бор саарал, хар цагаан зэрэг завсрын өнгөнүүдтэй гайхалтай зохицдог.
Барби ягаан өнгө
Сүүлийн үед дэлхийн томоохон брэндүүд болон алдартнуудын их хамгийн дурлаад байгаа өнгө бол барби ягаан өнгө гэхэд хилсдэхгүй. Улаан хивсний ёслол, загварын тайз, Инстаграм гээд л хаа сайгүй энэ өнгө ноёрхож байна. Эмэгтэйлэг, ялдам байдлыг илтгэх цаанаа л нэг донжтой уг өнгийг та энэ намар шүүгээнийхээ нэгэн хэсэг болгоорой.
Мариголд цэцгийн өнгө
Та тод өнгөнд дуртай юу? Тийм бол энэ намрын тренд болж буй Мариголд цэцгийн тод шар өнгийг сонгоод үзээрэй. Эерэг байдал, баяр баясгалан, эрч хүчийг билэгддэг уг өнгийг намрын улиралд алтлаг бор, олив ногоон, улаан хүрэн өнгөнүүдтэй хослуулж өмсвөл гайхалтай зохицно.
Пастель өнгө
Хавар/Зуны коллекциуд дээр түгээмэл ажиглагддаг пастель өнгөнүүд 2022 оны намар/өвлийн чухал нэгэн тренд болоод байна. Пастель өнгө нь итгэл найдвар, мөрөөдөл, эрхэмсэг байдлыг илэрхийлдэг бөгөөд тод өнгөөр хувцаслаж чаддаггүй хүмүүст өнгөлөг хувцаслах боломжийг олгодог өнгө юм.
Гялалзсан өнгө
Энэ намрын бас нэгэн онцлох тренд бол гялтгар материалтай хувцаснууд байлаа. Хэдий өнгө биш ч гэсэн уг гэрэлтсэн, гялтгар трендийг дурдахгүй өнгөрөх аргагүй юм. 2022 оны намар өвлийн маш олон загварын тайзан дээр энэ тренд ажиглагдсан бөгөөд мөнгөлөг,алтлаг, бүдэг саарал зэрэг завсрын өнгө зонхилсон байв. Та бүхэн зөвхөн баяраар биш, өдөр тутамдаа гялтгар хувцсаар гоёорой.