Blackpink эргэн ирлээ! Дэлхийд алдаршсан К-поп охидын хамтлаг болох Blackpink нь хэдхэн хоногийн өмнө “Pink Venom” дуугаараа comeback-аа хийлээ. Хамгийн сүүлд 2020 онд Lovesick Girls дуугаа гаргасан бөгөөд 2 жилийн дараа ийнхүү шинэ уран бүтээлээрээ эргэн ирж байгаа юм. Түүнчлэн “Born Pink” нэртэй шинэ цомгоо тун удахгүй гаргах гэж байгаагаа зарласан.
Blackpink хамтлаг загварын ертөнцтэй салшгүй холбоотой. Хамгийн сүүлийн үеийн загварлаг хувцаслалтаараа дэлхий дахиныг байлдан дагуулаад зогсохгүй, хамтлагийн охид аль хэдийн Dior, Chanel, Saint Laurent, Celine зэрэг нөлөө бүхий, томоохон брэндүүдийн нүүр царай болсон билээ.
Шинэхэн клип дээрээ охид өөр өөрсдийн онцлогийг харуулсан, сонирхолтой дүр төрхийг бүрдүүлж нүд унагам загварын шоу мэт үзүүлбэрийг үзүүлсэн байлаа. Үзэсгэлэнт Жи-сү Солонгос үндэсний хувцас болох Хамбоктай хөгжим тоглож буйгаар эхэлдэг бөгөөд уг орчин үеийн Хамбокыг кутюр урлагч Miss Sohee урлажээ. Үүн дээрээ Cartier брэндийн тансаг гоёл чимэглэлийг зүүсэн байна. Харин Женни Alaïa загварын ордны бүтээлч захирал Питер Мюльерийн бүтээсэн торон улаан өмсгөлийг өмсч, GCDS брэндийн гутлаар гоёжээ.
Хамтлагийн реппер, гол бүжигчин, авьяаслаг Лизагийн хувьд Neon Genesis Oddity хэмээх Солонгос брэндийн сагсан бөмбөгийн өмсгөл топ, жийнсэн үргэлж хослол болон Celine брэндийн малгай өмсөж 90-ээд оны хэв маяг, чөлөөт стилийн хувцаслалтаараа бусдаасаа онцгойрсон байв. Гоцлол дуучин Розе харин өөрийн хамтардаг Saint Laurent брэндийн хар мини даашинзыг Tiffany & Co брэндийн гоёл чимэглэлтэй хослуулжээ.
Ингээд хамтлагийн шинэ клипийг сонирхоно уу.