Уруулын будгаас өөр зүйл багтахааргүй авсаархан жижиг цүнхнээс эхлээд хайрцаг шиг хэлбэртэй, гялалзсан материалтай, хавтгай, аварга том хэмжээтэй загварлаг цүнхнүүд 2022 оны намар өвлийн тренд болж байна. Chanel, Balmain, Peter Do, Bottega Veneta, Balenciaga зэрэг алдартай брэндүүдийн загварын тайзан дээр зонхилж байсан цүнхний 9 трендийг танилцуулъя.
Гялтгар цүнх
Лакан гадаргуутай, алтлаг, мөнгөлөг, саатай гэх мэт гялтганасан материалтай цүнхнүүд 2022 оны намар өвлийн тренд болж байгаа билээ. Diesel брэндийн алдарт 1DR загварын цүнх, эсвэл Courrèges, Blumarine брэндүүдийн гялалзсан цүнхнүүдээс сонирхоод үзээрэй.
XXL хэмжээтэй цүнх
XXL хэмжээтэй том загварлаг цүнхнүүд Chanel, Gucci, Peter Do, YSL, Salvatore Ferragamo брэндүүдийн 2022 оны намар өвлийн загварын шоун дээр зонхилж байв. YSL брэндийн ICARE maxi загварын цүнхийг сүүлийн үед Инстаграмын одууд болох Хейли Бибер, Перниль Тейсбек, Зое Кравиц нар үүрч харагдсан.
Хадаастай цүнх
Хадаас, шигтгээ, сувдан чимэглэлтэй гар цүнхнүүд Alexander McQueen, Marine Serre, Givenchy брэндүүдийн намар өвлийн коллекциудад багтсан байлаа. Мөн stud буюу хадаастай деталиараа алдартай Valentino брэнд нь энэ жилийн тренд барби ягаан өнгийн хадаастай загвараа гаргажээ.
Баян хуур шиг цүнх
Энэ жил моданд орж буй өвөрмөц нэгэн загвар бол баян хуур хөгжим шиг хэлбэртэй цүнх юм. Тухайлбал, Gabriela Hearst брэндийн гаргасан загвар яг л баян хуур хөгжмийг дүрсэлсэн ба олон давхралдсан деталь нь тун содон харагдаж байлаа.
Хавтгай цүнх
Минимал загварт дурлагсдад зориулсан энэ намрын тренд бол хавтгай загвартай цүнх юм. Уг загварууд нь ажил хэрэгч “business casuаl” хувцаслалттай гайхалтай зохицох болно. Хэрвээ та илүү өнгөлөг, чөлөөт стиль бүрдүүлэхийг хүсвэл Dolce & Gabbana брэндийн час улаан эсвэл Valentino брэндийн тод ягаан цүнхнүүдээс сонгож болно.
Гаж цүнх
Chloe брэндийн зурагтай цүнх, Isabel Marant брэндийн хатгамалтай цүнх, болон Coperni-гийн эвэртэй шилэн цүнх, Simone Rocha брэндийн сувдан цүнх зэрэг сонирхолтой загвартай цүнхнүүд 2022 оны загварын тайзыг эзэгнэж байв.
Хайрцган цүнх
Louis Vuitton, Chanel, Prada зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн шоун дээр ажиглагдсан нэгэн тренд бол хайрцаг шиг хэлбэртэй дэгжин загвартай цүнхнүүд байлаа.
Хэлбэргүй цүнх
Хэлбэргүй, шалчгар мөрний цүнхнүүд өнгөрсөн жилээс эхлэн загварын ертөнцийг эзэгнэсээр байна. 2000-аад оноос эргэн ирсэн уг тренд нь загварлаг харагдахаас гадна багтаамжтай, өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой байдаг.
Мини цүнх
Хэмжээгээр жижиг ч мини цүнхний тренд Fendi, GCDS, Rejina Pyo, Diesel брэндүүдийн загварын тайзан дээрх хамгийн том трендүүдийн нэг байлаа. Барбины цүнх шиг уг загварууд танд таалагдана гэж итгэж байна.