Үргэлж өсгий
Нарийн өсгийнөөс татгалзаж 2000-аад оноос эргэн ирж буй хөлд эвтэйхэн, үргэлж өсгийтэй гутал өмсөх цаг ирлээ. Fendi, Bottega Veneta, Dior зэрэг загварын нөлөө бүхий брэндүүд бүгд өөрсдийн 2023 оны хавар зуны коллекцидоо уг загварыг багтаажээ.
Урт түрий
Урт түрийтэй гутал нь хэзээ ч моданаас гардаггүй, хавар намрын хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой загваруудын нэг билээ. Сүүлийн жилүүдэд дундаж урттай түрийтэй гутал тренд болж байсан бол ирэх жил өвдөг давсан маш урт түрийтэй загварууд тренд болох нь. Гялалзсан материалтай, арьсан, даавуун гээд төрөл бүрийн урт түрийтэй гутлыг Valentino, Rick Owens, Sportmax, Tom Ford, Alexander McQueen брэндүүдийн 2023 оны загварын шоунаас харж болно.
Балерина
Хөлд эвтэйхэн, эмэгтэйлэг, ялдамхан балерина бол эмэгтэйчүүдийн зун өмсөх дуртай загваруудын нэг. Тэгвэл JW Anderson, MM6, Tod’s, Simone Rocha зэрэг томоохон загварын брэндүүд өөрсдийн өвөрмөц хэв маягийг шингээсэн балеринаг 2023 оны зуны коллекцидоо багтаажээ. Хамгийн сонирхолтой нь Sunnei брэнд эрчүүдэд зориулсан балеринаг бүтээсэн байлаа.
Метал рок
Эмэгтэйлэг балерина таны стиль биш бол 2023 оны тренд метал рок гутлыг сонирхоод үзээрэй. Зузаан ултай, гинжин оруулгатай, зэрлэг загваруудыг Louis Vuitton, Sacai, Junya Watanabe, Paco Rabanne брэндүүдийн загварын шоунаас харж болно.
Болор шаахай
Үнсгэлжингийн болор шаахай 2023 оны тренд болж байгаа гэвэл итгэх үү? Гэрэлтдэг материалтай өндөр өсгийт, балерина, намхан сандаал гээд л төрөл бүрийн шилэн гутлууд Valentino, Loеwe, Dilara Fındıkoğlu’ брэндүүдийн 2023 оны хавар зуны загварын тайзнаа зонхилж байсан.
Торон загварууд
Загварын түүхийг сөхвөл та бидний мэдэх торон трико нь 1920-оод оноос үүсэлтэй. Тухайн үедээ Showgirl болон Flapper бүсгүйчүүдийн дунд тренд болж байсан. Харин 1980, 1990-ээд оноос гранж стиль гарч ирснээр ахин моданд орж байсан түүхтэй. Тэгвэл торон материалтай трико, оймс, гутал нь 2023 оны загварын тайзыг эзэгнэж байлаа. Chanel, Bally, Stella McCartney зэрэг брэндүүд торон загваруудыг маш элегант, тансаг байдлаар шинэ коллекцидоо оруулжээ.
Гялалзсан загварууд
2023 оны бас нэгэн тренд бол гялалзсан шигтгээтэй гутлууд юм. Ирэх онд энгийн минимал гэхээс илүү гялалзсан, гялтгар, торон гээд л анхаарал татам максималист загварууд зонхилох нь. JW Anderson, AZ Factory, Jil Sander, Courrèges-ийн хавар зуны загварын шоунаас шигтгээтэй гутлын трендийн харж болно.
Формны гутал
Сургуулийн дүрэмт хувцасны гэж нэрлэгддэг оломтой, дөрвөлжин өсгийтэй, классик загварын гутлыг энэ жил алдартай брэндүүд шинэчлэн илүү этгээд загвартай болгон гаргажээ. Тухайлбал Sportmax, Versace, Prada брэндүүд 2023 оны хавар зуны коллекцидоо уг загварыг онцолсон байна.
Ахиад л сюрреализм
Сюрреализмын үе дуусах болоогүй шүү. Цар тахлын үеийн дараагаас бодит ертөнцөөс тасрахыг хүссэн загвар зохион бүтээгчид төсөөлөлдөө автан, сюрреалист загваруудыг түлхүү гаргах болсон. Тэгвэл уг тренд нь үргэлжилсээр л байна. Moschino, Loewe, JW Anderson, Ferragamo брэндүүдийн шинэ коллекцид багтсан хүний санаанд оромгүй этгээд, өвөрмөц загвартай гутлуудыг сонирхоно уу.