Энэ шинэ жилээр юу өмсөхөө шийдэж амжсан уу? Хэрэв амжаагүй бол таныг шинэ жилийн үдэшлэгт гайхалтай загварлаг харагдуулах хэд хэдэн хувцаслалтын санааг хүргэе
Макси хар даашинз
Юу өмсөхөө мэдэхгүй бол “little black dress” буюу жижиг хар даашинз сонго гэдэг биз дээ. Тэгвэл уг сонгодог загварын арай урт хувилбар нь энэ жилийн тренд болж байгаа. Saint Laurent брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарелло1930-аад оны гоёлын даашинзнаас санаа авч тансаг загварын макси хар даашинзыг урлажээ. Энгэрийн гүн ухлаадас, урт оноо, торгомсог материал зэрэг нь тансаг хэрнээ секси байдлыг хослуулж байв. Ийм загварын даашинзыг гялалзсан унжлагатай алмаазан ээмэг болон үслэг эдлэлтэй(мэдээж хиймэл үс) хослуулж хуучны гламур стилийг бүрдүүлээрэй.
Орчин үеийн гялалзсан загварууд
Баярын үеэр мэдээж гялтганасан материалтай загварууд нүдэнд тусаж гайхалтай харагддаг. Гялтгар материалтай даашинзыг нарийн уяатай, минимал сандаалтай хослуулж болох юм. Эсвэл Victoria Beckham брэндийнх шиг 2 өнгийн гялалзсан топыг сонгож энэ өвлийн тренд макси юбкатай хослуулан орчин үеийн, элегант стилийг бүрдүүлээрэй.
Valentino ягаан хослол
Хэрвээ та энэ жил гоёлын даашинз өмсөлгүй арай өөрөөр хувцаслахаар шийдсэн бол Valentino ягаан өнгийн хэлхгэр загвартай хослолыг сонгоорой. Өөртөө итгэлтэй, харц булаам харагдах нь гарцаагүй. Үүнийгээ харин даруухан минимал загварын аксессуартай хослуулахыг зөвлөе.
Үдэшлэгийн топ
Шинэ жилийн үдэшлэг тулчихсан үед юу өмсөх вэ? Өөрт байгаа хамгийн анхаарал татахуйц, галзуу загвартай топоо сонгоод хар брюкэн өмдтэй хослуулчих. Гялалзсан материалтай, өдтэй, тод өнгөтэй, хамбан материалтай, шигтгээтэй гээд ямар ч байж болно. Гагцхүү үүн дээрээ гялтганасан гоёл чимэглэл, гутал эсвэл гар цүнх нэмж баярын уур амьсгал оруулаарай.
Мини ба ретро
Энэ жилийн хамгийн том трендүүдийн нэг бол 1960-аад оноос эргэн ирсэн жижиг байх тусмаа загварлаг мини юбка, даашинзнууд байсан. Мини загварууд хөлийг илүү урт нарийн харагдуулдаг давуу талтай. Богино даашинзаа харин платформ ултай гуталтай хослуулж 1970-аад оны ретро стилийг бүрдүүлбэл илүү загварлаг харагдах болно шүү.