Y2K мода үргэлжилсээр
2000-аад оноос эргэн ирсэн гялалзсан, фүтүристик будалтууд 2023 оны будалтын чиг хандлагыг тодорхойлох болно. Металлик, холографик, зөөлөн пастель өнгөнүүд гоо сайхны ертөнцөд давамгайлах нь.
Дулаан үсний өнгө сонгох
Энэ жил үсний өнгөө өөрчлөхөөр шийдсэн бол шаргал, улбар шар, улаан, бор гэх мэт дулаан өнгөний төрлүүдээс сонгоорой. Үзэсгэлэнт модель Белла Хадид хүртэл саяхан үснийхээ өнгийг огцом өөрчилж шаргал үст болсон шүү.
Арьсаа гялалзуулах
Гялалзсан арьс 2023 оны хамгийн том трендүүдийн нэг. Зөвхөн гэрэлтсэн эрүүл арьсыг хэлээгүй шүү. Арьсаа тэр чигт нь гялалзуулах нь чухал. Тухайлбал, Gucci брэндийн 2023 оны хавар зуны шоун дээр загвар өмсөгчдийг будахдаа гэрэлтүүлэгчээ зөвхөн хацрын ясан дээр нь бус нүүрэн дээр нь нэлэнхийд нь түрхэн гялалзуулсан байсан.
Нүүр болон биеийн шигтгээ
Нүүр болон биен дээрээ эрвээхэй, од, дусал зэрэг төрөл бүрийн шигтгээ наах нь энэ зуны халуухан тренд байх болно. Төрөл бүрийн шигтгээтэй, өвөрмөц дүр төрхийг Peter Do болон Giambattista Valli-гийн загварын шоунуудаас харж болно.
Романтик “Goth” будалт
Энэ жилийн хувьд минимал нүдний будалт гэхээс илүү тод хурц, өвөрмөц хэлбэртэй контурдах тренд дэлгэрээд байна. Уг будалтыг загварын тайз, Тикток гээд л хаа сайгүй харж болно. Романтик “Goth” эсвэл гранж ч гэмээр уг стилийн будалт нь нүдийг илүү хурц тод, сэтгэл татам харагдуулдаг.
Хөмсөггүйгээр хөгжилдье
Саяхан л хүн бүр Cara Delevingne шиг өтгөн хөмсөгтэй болохыг мөрөөдөж байсан цаг үе. 2000-аад оны нарийхан хөмсөг эргэн моданд орно гэж хэн мэдэх билээ. Marc Jacobs, Givenchy зэрэг томоохон брэндүүдийн загварын шоунууд дээр нарийхан хөмсөгтэй эсвэл бүр цайруулсан, хөмсөггүй мэт дүр төрх зонхилж байсан. Тиймээс 2023 онд хөмсгөө тодруулж будах шаардлагагүй болжээ.
Будаагүй мэт будалт
Маш натурал будаагүй мэт будалт мөн 2023 оны чиг хандлагыг тодорхойлж байна. Арьсаа сайн чийгшүүлж багахан гэрэл сүүдэр тавиад, уруулаа өнгөлөөд л боллоо. Brandon Maxwell, Proenza Schouler, Fendi, Altuzarra зэрэг олон брэндийн загварын тайзан дээр “no-makeup makeup” зонхилж байсан.