Жийнс бол хэзээ ч моданаас гарахгүй, хүн бүрийн шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй, сонгодог загваруудын нэг билээ. Ажлын хувцаснаас гаралтай ч өдгөө жийнсийг тансаг хувцасны жагсаалтад орох болсныг загварын мэргэжилтнүүд хэлж байна. Тиймдээ ч Bottega Veneta, Chloé, Givenchy, Jacquemus зэрэг загварын томоохон брэндүүдийн 2023 оны хавар зуны шоун дээр жийнсэн загварууд зонхилж байсан. Тэгвэл энэ зун ямар загварууд тренд болж буйг танилцуулъя.
Макси жийнсэн юбка
Шагай шүргэсэн урттай макси загварын жийнсэн юбка 2023 оны загварын чиг хандлагыг тодорхойлж байна. Уг юбкыг богино загварын топтой хослуулж Бохо стилийг бүрдүүлж болох юм. Мөн Stefan Cook, Alaïa, Burberry, Altuzarra брэндийн шоунуудаас уг загварыг хэрхэн стайлинг хийж хослуулсныг хараарай.
Өргөн жийнс
Скинни жийнс өмсөх болоогүй шүү. Өргөн тусмаа загварлаг харагдах өмдний тренд үргэлжилсээр л байна. Уг загварыг Khaite, Jacquemus, Cecilie Bahnsen брэндүүд 2023 оны хавар зуны загварын шоунууддаа онцолсон байв.
2000-аад оны загварууд
Уранхай, доор суудалтай, цайралттай, принттэй, хадаастай гээд л 2000-аад онд тренд болж байсан жийнсэн загварууд бүгд эргэн ирлээ. Тиймээс энэ зун энгийн шулуун жийнснээс татгалзаж илүү загварлаг, олон төрлийн деталь, чимэглэлтэй загваруудаас сонгоорой.
Жийнсэн даашинз
Жийнсэн материалтай даашинзнууд энэ зуны халуухан сонголт байх болно. Monot, KNWLS, Alaïa брэндүүд орчин үеийн макси загварын жийнсэн даашинз гаргасан бол алдарт Caroline Herrera мини хувилбарыг нь урлажээ.
Жийнсэн хослол
2000-аад оны эхээр шуугиан тарьж байсан Бритни Жастин 2-ын алдарт жийнсэн хослолыг санаж байна уу? Яг л тэр үеийг санагдуулам жийнсэн хослолууд энэ онд тренд болж байна. Мэдээж илүү орчин үеийн хувилбар нь шүү дээ.