Загвар зохион бүтээгч Дэниел Ли нь Burberry-гийн анхны дебют шоугаа амжилттай хийлээ. Тэрээр өмнө нь Céline болон Bottega Venetta брэндүүдэд ажиллаж байсан бөгөөд 2018-2021 оны хооронд Bottega-гийн бүтээлч захирал байхдаа маш олон шинэчлэлтүүдийг хийж орчин цагийн хамгийн хүсэмжит брэнд болгож чадсан билээ. 2022 онд Burberry брэндийн бүтээлч захирлаар томилогдсоноор 2023 оны Намар-Өвлийн анхны шоугаа ийнхүү Лондонд толилууллаа.
Шоуны өмнөхөн тэрээр Burberry брэндийн алдартай хуучны логог сэргээж сонирхолтой компанит ажлыг хийсэн. Зураг авалтдаа Английн алдартай загвар өмсөгч Либерти Росс, хөл бөмбөгчин Рахим Стерлинг болон жүжигчин, активист Ванесса Редгрейв нарыг онцолж маш орчин үеийн, чөлөөт хэв маягтай, бүтээлч зураг авалтыг хийсэн байв.
Саяхан болж өнгөрсөн 2023 оны Намар-Өвлийн загварын шоундаа Дэниел Ли нь үзмэн ягаан, шар, цэнхэр улаан зэрэг тод өнгөнүүдийг Burberry-гийн таних тэмдэг болсон дөрвөлжин хээтэй хослуулж гайхалтай дэгжин өдөр тутмын загваруудыг бүтээжээ.
Загварын шоугаа Лондонгийн өмнөд хэсэгт байрлах “Kennington Park”-т 1920, 1930-аад оны байшингуудаас санаа авч зассан майханд хийсэн. Аймшгийн ч гэмээр гэрэлтүүлэг, дуу хөгжим зэрэг нь Дэниел Лигийн төрөлх Англи зан төрх, хар бараан талыг харуулсан гэж хэлж болно.
Коллекцио илүү өнгөлөг, өөдрөг байлгах үүднээс нугасан принт, инээдтэй малгай, хөнжил шиг хүрмийг оруулж өгчээ. Тэрээр хэлэхдээ “Энэ коллекциороо би Англи улсын сайн сайхан талыг харуулахыг зорьсон. Энд сайн сургуулиуд, гайхалтай театр, хөгжим, урлаг байгаа. Тэр бүхэн дээр гэрэл тусгаж тодруулахыг хүссэн. Лондонгоос маш их бүтээлч байдал урган гардаг. Жишээ нь Вивиен Вествудыг хар л даа. Мөн би зүгээр л гудамжаар алхаж байхдаа янз бүрийн амьдралтай маш олон хүмүүсийг хамтдаа оршин тогтнож, амьдарч байгааг хардаг. Сүүлийн жилүүдэд энэ мэдрэмжээр би их дутаж явжээ” гэв.
Дэниел Лигийн Bottega Veneta-г хамгийн хүсэмжит брэнд болгосон нууц нь түүний зохион бүтээсэн загварлаг гутал, цүнх, аксессуарууд нь байсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр энэ ур чадвараа Burberry-д мөн харуулахаар шийджээ.