Урин дулаан цаг ирж өнгөлөг хувцаслах үе ирлээ. Ихэнх хүмүүс тухайн улиралдаа ямар өнгөнүүд тренд болж буйг мэддэг ч тэр өнгөнүүдээ хооронд нь хэрхэн зохицуулж өмсөхөө тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ зун тренд болж буй 6 өнгөний хослолыг танилцуулъя.
Лайм ногоон + тод улаан
Prada брэнд юуг ч загварлаг харагдуулах увдистай. Ногоон улаан өнгөний хослолыг зөвхөн шинэ жил, зул сард зориулсан гэж бодсон уу? Үгүй шүү. Prada брэнд 2023 оны хавар зуны коллекцидоо гоёмсог улаан юбкаг ногоон топтой хослуулж маш дэгжин, элегант дүр төрхийг бүрдүүлсэн байна.
Пастель шар + үзмэн ягаан
Пастель буюу зөөлөн өнгөнүүд хавар зуны улиралд хамгийн тохиромжтой байдаг. Хэрэв та тод хурц өнгөнд дургүй бол бүдэг үзмэн ягаан өнгийг цайвар шаргал өнгөтэй хослуулаад үзээрэй. Эмэгтэйлэг бас ялдам харагдах болно.
Бор + тод ногоон
Зүлэг шиг тод ногоон өнгийг бусад өнгөтэй хослуулах хэцүү санагдаж магадгүй. Тэгвэл тухайн хувцаслалтыг илүү тэнцвэртэй харагдуулахын тулд арай бараан буюу мока бор өнгөтэй хослуулаад үзээрэй.
Тод шар + улбар шар
Хэрвээ амралт зугаалгаар явах гэж байгаа бол нарлаг зуныг санагдуулам тод шар болон улбар шар өнгөнүүдийг хослуулаарай. Далайн эрэг дээр гайхалтай тодорч харагдах болно.
Улаан + бор
2023 оны загварын тайзыг эзэгнэж байсан өнгө бол тод улаан өнгө билээ. Тийм ч учраас энэ жагсаалтад 2-дохоо орж байна. Өмнөх ногоон улаан өнгөний хослол танд хэтэрхий хурц санагдсан бол арай бараан буюу шоколадан бор өнгөтэй хослуулаарай. Илүү өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой, элегант харагдах болно.
Ногоон + улбар шар
Gucci брэндийн сүүлийн загварын шоу урьдынхаасаа илүү минимал болж өөрчлөгдсөн байсан. Гэсэн хэдий ч нэрийн тэмдэг болсон өнгөлөг тод загварууд нь ч бас ажиглагдсан. Хэрэв та ногоон өнгөнд дуртай бол Gucci брэндийн загвараас санаа авч улбар шар өнгөтэй хослуулаарай.