20-р зууны эхээр эмэгтэйчүүдийн нэгэн хэвийн, баригдмал загварыг эрс өөрчилж илүү биед эвтэйхэн, хөдлөхөд амар, тухтай хувцсыг бүтээж загварын ертөнцөд эргэлт хийсэн загвар зохион бүтээгч бол Gabrielle Coco Chanel юм. Түүний урласан энгийн хэр нь эрхэмсэг, биед эвтэйхэн загварууд нь түүнийг загварын ертөнцийн домог болгосон билээ. Ингээд Cocо Chanel-ын бүтээсэн өдийг хүртэл тренд болсоор байгаа сонгодог 5 загварыг танилцуулъя.
Жижиг Хар Даашинз
Chanel брэндийн анхны “LBD” буюу жижиг хар даашинзыг 1926 онд Vogue сэтгүүл илюстрейшн байдлаар танилцуулж байжээ. Жижиг хар даашинз нь он цаг үеийг үл хамааран одоог хүртэл бүсгүйчүүдийн хамгийн дуртай, классик загваруудын нэг болсоор байгаа.
Chanel хослол
“Chanel брэндийн твид хүрэм бол тансаг хэрэглээ- хэзээ ч моданаас гарч байгаагүй, бас хэзээ ч гарахгүй”. Cocо Chanel 1920-оод онд эрчүүдийн өмсдөг байсан твид материалтай хүрмээс санаа авч анхны эмэгтэй твид хүрмээ 1954 онд бүтээжээ. Тэрээр классик твид материал ашиглахын оронд “Scottish” даавуугаар илүү зөөлөн хөдлөхөд амар материал гаргаж авсан байна.
2-өнгөт гутал
Cocо Chanel 2-өнгөтэй гуталд дуртай байсан нь түүний зургуудаас тодхон харагддаг. Тэрээр 1957 онд анхны Chanel-ын 2 өнгөтэй ардуураа онгорхой “slingback” загвараа гуталчин Massaro-той хамтран гаргаж байсан. Элегант загвартай, өдөржин явсан ч хөл өвдөхөөргүй эвтэйхэн өсгийтэй, урд тал нь хар өнгөтэй учир элэгдэж амархан муудахгүй гэх мэт тал бүрээс нь бодолцож гутлаа бүтээжээ.
“Breton” цамц
Бидний хувцасны шүүгээний нэгээхэн хэсэг болсон судалтай цамцыг Cocо Chanel “Breton” топ хэмээн нэрлэж 1917 оны коллекцидоо оруулж байжээ. Түүний 1930-аад онд авхуулсан зураг дээрх өндөр суудалтай хар өмдийг судалтай цамцтай хослуулан өмссөн дүр төрх нь бараг нэг зууны дараа ч маш дэгжин, орчин үеийн харагдаж байгаа нь гайхалтай.
2.55 загварын цүнх
Cocо Chanel 1955 оны 2 сард анхны 2.55 загварын цүнхээ гаргажээ. Хүрмээ тойруулан чимгэлдэг гинжнээсээ санаа авч цүнхэндээ гинжин оосор хийсэн ба дотроо хэрэгтэй зүйлсээ хийх жижиг тасалгаануудыг нэмж өгчээ. Уг загвар нь одоог хүртэл бүсгүйчүүдийн хамгийн дурлан авдаг, хүсэмжит цүнхнүүдийн нэг хэвээр байгаа.