Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь 9р сарын 2ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Музейн судалгааны баг технологийн тусламжтайгаар тухайн цаг үедээ хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, загвар сонирхогч бүтээгчдийн дурсамжинд л үлдсэн өдгөө музейн санд унтаа байгаа загварын гахалтай бүтээлүүдийг 3300 гаруй хувцас хэрэглэлүүдээс шүүн үзэсгэлэнгээ дэглэсэн байна.
Үзэсгэлэнд сонгогдсон бүтээлүүд цэцэг, шувуу, эрвээхэйн хээтэй мөн газар, ус, агаар гэх байгалийн элементүүдийг илэрхийлсэн байсан нь үзэсглэнгийн үндсэн өнгө төрх болжээ. Зохион байгуулагч “THE MET” музей болон хувцас загварын хүрээлэн нар үүнээс сэдэвлэн энэ жилийн MET GALA хандивын арга хэмжээний сэдвийг цаг хугацааны цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэсэн байна.
Мөн музейн ханыг үзэсгэлэнд тавигдсан даашинзнуудын хээгээр жинхэнэ материал дээр нь хатгамал хийн чимэглэсэн байсан нь үзэгчид хананд хүрэн тухайн хувцасыг өмсөхөд ямар мэдрэгддэг байсныг мэдрэх боломжийг олгосон байна.
Хувцас загварын хүрээлэн “Costume Institute” тухайн цаг үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, үйл хөдлөл, ахуй мөн хэрэглэдэг байсан үнэртэй усыг хүртэл судалсан байна. Үүний нэгэн сонирхолтой баримт нь өмнөх үеийн урлаачид загвараа бүтээхдээ товчны хэсэгт зөөлөн ноосон залгаас нэмдэг байж. Энэ нь сүрчиг үнэртнийг өөртөө шингээх мөн удаан тогтоож ялгаруулах зорилготой байжээ.
Үзэсгэлэнд тавигдсан зарим хувцаснууд манекенд өмсгөх нь бүү хэл гар хүрэх төдийд үүрч эвдэрч болохоор хэврэгшсэн хуучны бүтээлүүд байв. Энэ нь яг л нойрсож буй гоо үзэсгэлэн гэх нэр шигээ нэг байрлалдаа хөдлөлгүй хэвтэж цаг нь болохоор бутран унах жамтай ажээ.
Харин эдгээр хувцаснуудыг дижитал програм болон хиймэл оюун ухаан ашиглан биет бус хэлбэрээр сэргээсэн байна. Эдгээр хувцаснуудыг дахин оёж болохуйц бүрэн хэмжээний загваруудыг бий болгожээ. Мөн дан 3н хэмжээс байдлаар бус тухайн даашинз хүний биеийн үйл хөдлөлд хэрхэн нийцдэг, материалууд нь хоорондоо хэрхэн зохицон хөдөлдөг зэргийг харуулсан бүрэн хөдөлгөөнт файл гаргахаар ажиллаж байгаа.
Энэ жилийн ерөнхий спонсороор LOEWE брэнд байсан ба тэдний 23 оны хавар зуны коллекцийн жинхэнэ зүлэг ургуулсан хүрэм үзэсгэлэнгийн орчин цагийн үзвэрүүдийн төлөөлөл болж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн үндсэн зорилго нь өнгөрсөн зуунуудын гайхалтай сод хэдий ч нийтэд хүрээгүй мартагдсан бүтээлүүдийг дэлхий дахинд дэлгэх. Мөн өөрсдийн вэбсайтад байрлуулан дараа дараагийн үеийхэнд зориулан үүрд хадгалах гэсэн юм.