Өнгөрсөн онд цар тахлаас болж ихэнх цагаа гэртээ өнгөрөөсөн бидний хувьд нүүрээ будах, үсээ засч янзлах гэдгийг бараг л мартагдсан шүү дээ. Үүнийгээ дагаад ихэнх хүмүүс нүүр будалт хийхийн оронд арьс арчилгаандаа анхаарч натурал дүр төрхийг илүүд үзэх болсон. Тиймээс ч хаврын хамгийн том трендүүдийн нэг нь өөрийн байгалийн төрхийг бага зэрэг тодруулах минимал будалтууд байх нь. Үүнээс гадна нүүр будалт, гоо сайхны ертөнцөд ямар трендүүд 2021 онд зонхилохыг танилцуулъя.
1. ГЯЛАЛЗСАН ТОЛИГОР АРЬС
Ихэнх цагаа гэртээ өнгөрөөхийн хажуугаар гадагшаа гарсан ч өдөр тутамдаа маск зүүх болсноор бидэнд будах шаардлага бараг л үгүй болсон билээ. Үүнээс гадна маскнаас шалтгаалж батгашилт, арьсны эмзэгшилт гээд олон арьсны асуудлууд гарч эхэлсэн. Тиймээс ч сүүлийн үед хүн бүр арьс арчилгаандаа илүү анхаарч эрүүл толигор арьстай байхыг эрмэлзэх болсон. Marni, Victoria Beckham, Etro брэндүүдийн загварын шоунд мөн толигор чийглэг арьс, байгалиараа минимал будалт зонхилж байсан юм.
2. ТОД ӨНГИЙН УРУУЛ
Хичнээн масктай байсан ч энэ хавар уруулаа тод өнгөөр будаарай. Тод өнгөөр уруулаа будах нь сэтгэл санааг илүү өөдрөг болгож, хүчирхэг мэдрэмж төрүүлдэг байна. Түүнчлэн Versace, Dolce & Gabbana ,Vivienne Westwood-ийн 2021 хавар зуны шинэ коллекцид загвар өмсөгчдийн нүүрийг натурал будсан ч, уруулыг нь тод өнгөөр будсан нь тэднийг бүр ч дур булаам харагдуулж байсан.
3. EUPHORIA ЭФФЕКТ ҮРГЭЛЖИЛСЭЭР
80-аад оных шиг тод хурц өнгийн тенээр нүдээ нэлэнхийд нь будах энэ хаврын бас нэгэн тренд болох юм. Түрүү жилийн хит болсон Euphoria цувралаас санаа авч тод цэнхэр, үзмэн ягаан, гялалзсан ногоон зэрэг тод өнгүүдээс сонгож сонирхолтой будалтуудаас туршаад үзээрэй. Мөн тод өнгөөр уруулаа будаж өнгөний блок техникээр хослуулаарай.
4. ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ХӨЛ ХОРИО
Цар тахал дэгдэж, хөл хорио дөнгөж эхэлж байхад хүн бүр гэртээ янз бүрээр үсээ будаж, тайрч, бүр чолк тавьж байсныг санаж байна уу? Тэгвэл энэ чолктой үсний засалт нь эргээд энэ жилийн томоохон чиг хандлага болоод байна. Франц бүсгүй шиг хайш яаш чолктой догионтой засалт, The Queen’s Gambit цувралын гол дүрийн Beth Harmon-ы богино чолкноос мөн санаа авч болох юм.
5. НҮДЭЭ ХАРААР ХҮРЭЭЛЭХ
Маск зүүх нь бидний нүүрний ихэнх хэсгийг далдалж байгаа учир нүдээ тод хурц будах нь 2021 онд өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл болоод байна. Тиймээс ч нилээд хэдэн жилийн өмнө нүдээ хараар хүрээлж, зузаан контур тавьдаг байсан тренд эргэн ирж байна. Энэ стилийн будалт нь Dior , Giambattista Valli, Valentino, Chanel зэрэг томоохон брэндүүдийн загварын шоун дээр тод харагдаж байлаа.