Чөлөөт хувцаслалт, ногоон үс, коршокон малгайнаас салж цоо шинэ дүр төрх бүрдүүлж, эрс өөрчлөлт хийх нь Билли Айлишийн өөрийнх нь санаа байсныг British Vogue сэтгүүлийн стилист Дена Жианни онцолсон юм. Тэрээр Биллиг өөрийнхөө юу хүсэж буйг мэддэг эмэгтэй учир энэ зураг авалтаар өмнө нь харуулж байгаагүй шинэ дүр төрхөө харуулж, илүү эмэгтэйлэг, эрхэмсэг байдлаа тодотгохыг хүссэн гэжээ.
Уг зураг авалт нь олон алдартай брэндүүдийг нэгтгэсэн гайхалтай хамтын ажиллагаа болж чадсан байна. Тухайлбал, Биллид Gucci брэндийн бие барьсан ягаан топ, юбканы хослол, Mugler брэндийн торон боди, өндөр өсгийтийг сонгон өмсүүлж, Холливуд долгионтой, цайвар шаргал үс засалт хийн, түүний эмэгтэйлэг бие галбирыг илүү тодотгосон нь үнэхээр шинэлэг байж хүмүүсийг алмайруулж чадлаа. Мөн түүний эмэгтэйлэг, ялдам талыг харуулахын тулд зөөлөн ягаан, завсрын өнгүүдийг голлон ашиглажээ. Үүнээс гадна зураг авалтад Valentino Haute Couture, Alexander McQueen, Burberry, Andreas Kronthaler for Vivienne Westwood, Balmain, Dolce & Gabbana зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн хувцаснуудыг мөн өмссөн байна.
Gucci брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле нь Билли Айлиштай их ойр ажилладаг нэгэн бөгөөд Биллиг байнга өөрийгөө шинэчилж, хувьсан өөрчлөгдөж байдаг уран бүтээлч хэмээн тодорхойлжээ. “Биллиг урьдчилан таамаглах аргагүй. Тийм ч учраас түүнтэй ажиллахад намайг хайрцгаасаа гарч сэтгэхэд хүргэж, урам зоригийг минь өдөөдөг” гэсэн байна.
Аксессуарын хувьд Atsuko Kudo брэндийн гялгар латекс материалтай трико, бээлийнээс эхлээд Jacquie Aiche брэндийн цагаан алт, алмаазан биеийн гинж зэргийг зөвхөн Биллид зориулан урласан байна. Харин үс засалтын хувьд 1950-аад оны алдартай Пин-ап модель Бетти Бросмероос санаа авч хуучны Холливудын шаргал үст “Bombshell” дүр төрхийг гаргажээ. Энэ бүх өөрчлөлтүүдийг хийж, эмэгтэйлэг, секси дүр төрх гаргахыг Билли санаачилсан ч 19 настай од өмнө нь ийм байдлаар олны өмнө гарч байгаагүй учир бага зэрэг санаа зовж бас сандарч байсан гэнэ.
Энэ зураг авалтыг хараад хүмүүс намайг хэрвээ чи “body positivity”-г дэмжиж, ямар ч бие галбирыг үзэсгэлэнтэй гэж боддог юм бол яагаад корсет өмссөн юм бэ? Яагаад бие галбираа байгаагаар нь харуулаагүй юм бэ гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ би хүссэнээ л хийдэг. Чамд юу таатай санагдаж байна тэр л хамгийн чухал. Өөрт сайхан мэдрэмж төрж байгаа зүйлээ л хийх хэрэгтэй. Гоо сайхны хагалгаа хийлгэмээр байвал хийлгэ. Чиний өмсмөөр байгаа даашинзыг чинь чамайг тарган харагдуулж байна гэж хэн нэгэн хэлсэн ч ямар хамаатай юм бэ? Хараал ид гэж. Хэрвээ чи өөртөө л гоё харагдаж байвал чи гоё харагдаж байгаа л гэсэн үг.
Намайг гэнэт биеэ ил гаргасан хувцас өмсөнгүүт 2 нүүртэй, яриа үйлдэл нь зөрдөг гэж шүүмжилж, амархан эмэгтэй, биеэ үнэлэгч гэх мэтээр хэлж магадгүй. Хэрвээ тэгж бодож байвал энэ дэлхийн бүх эмэгтэй л биеэ үнэлэгч болно шүү дээ. Харин ч биеэ ил гаргаж харуулснаар хүчирхэг, өөртөө итгэлтэй байдлаа харуулж байна. Тиймээс ил задгай хувцаслалаа гээд хэн ч чамайг хүндэтгэхээ болих ёсгүй. Би багадаа тийм ч өөртөө итгэлтэй нэгэн байгаагүй. Бие галбираасаа болж сэтгэл гутралд орж, 13 настайдаа гэмтэл авч бүжгээ орхисноор бие минь бүр ч их өөрчлөгдсөн. Энэ нь миний сул хувцас сонгон өмсөх гол шалтгаан болсон ч нөгөөтээгүүр урлагийн хүн болоход минь өөрийн гэсэн өвөрмөц стилиэрээ бусдаас ялгарах боломж болсон шүү.
Тэр биеэ нуусан, чөлөөт загварын сул хувцаслалт, ногоон өнгийн үс, өвөрмөц дүр төрхөөрөө бусдаас ялгардаг дэлхийн од ч гэсэн эгэл жирийн өсвөр насныхны л нэгэн адил аймшгийн кино, Жастин Бибер, спорт машин, хөгжилтэй ярианд дуртай нэгэн. Уран бүтээлчийн хувьд зүгээр л өөрийнхөөрөө байж чаддаг нь түүний амжилтын нууц гэж хэлж болно. Тэр юугаар ч өөрийгөө хязгаарладаггүй. Нас барсан найзуудынхаа талаар, амиа хорлолт, дэлхийн дулаарлын талаар гээд хүссэн сэдвээрээ дуугаа зохиож дуулдаг. Алдарт дуучин Элтон Жон Биллигийн талаар “ийм залуухан хирнээ ингэж дотоод мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж дуугаа зохиодог дуучин бараг өмнө нь харж байгаагүй. Түүний дуу үнэхээр дотроосоо гардаг” хэмээн шагширч байв.
Саяхан тэрээр насанд хүрээгүй охидыг уруу татдаг хүчирхийлэгчид рүү хандсан “Your Power” хэмээх шинэ дуу гаргасан. Хүчтэй үгийг, гитарын намуухан аян дээр эгшиглүүлэн дуулах нь хүчээр дуу хоолойг нь намсгаж, аяар болгож байгаа мэт нууцлаг өнгө аястай байлаа. Билли уг дуугаа насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах нэрийдлээр хүчирхийлэх, насанд хүрээгүйг нь мэдсэн ч мэдээгүй царайлж тэднийг ашигладаг эрчүүдэд зориулсан ил захидал хэмээн тодорхойлжээ. Тэрээр хэлэхдээ “Хүмүүс намайг дуундаа хэний талаар яриад байгааг сонирхох биш, дууны маань утгыг сайн ойлгож сонсоосой гэж хүсэж байна. Энэ бол нэг хүний тухай дуу биш юм. Хүмүүс намайг урлагийн хүн учраас хүчирхийллийн талаар яриад байна гэж бодож магадгүй. Гэвч энэ нь хаа сайгүй болж байдаг. Амьдралдаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд их бага хэмжээгээр өртөж, таагүй байдалд орж байгаагүй эмэгтэй хүн бараг л байхгүй болов уу. Эрчүүд ч мөн адил. Ялангуяа залуу хөвгүүд ийм байдалд орох нь элбэг байдаг” гэжээ.