Дэлхийн хамгийн нөлөө бүхий, алдартай загвар зохион бүтээгчдийн нэг болох, Италийн загварын хаан гэж нэрлэгддэг Giorgio Armani нь 1975 онд анх Emporio Armani брендийг үүсгэн байгуулжээ. Уг бренд нь тансаг зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүнүүд болон хэзээд үнэ цэнээ хадгалах сонгодог, минимал загваруудаараа онцлогтой.
Giorgio Armani нь Италийн Пиаченза хотод төрж өссөн бөгөөд анх анагаахын ухааны их сургуульд суралцаж эмч болох зорилготой байжээ. Гэвч тэрээр сургуулиа орхиж цэрэгт явахаар шийдсэн бөгөөд эргэн ирснийхээ дараа карьераа эрс өөрчлөн загварын бизнест хөл тавьсан юм. Анх Милан дахь “La Rinascente” их дэлгүүрт дэлгүүрийн цонх хувцаслагчаар (window dresser) ажиллаж, дараагаар нь худалдааны зөвлөхөөр, цаашлаад эрэгтэй хувцасны дизайнераар тус тус ажиллаж байжээ.
Харин 1975 онд өөрийн найз, бизнесийн хамтрагч Sergio Galeotti-гийнхоо тусламжтайгаар тансаг зэрэглэлийн эрэгтэй, эмэгтэй хувцасны Emporio Armani брендээ нээсэн байна.
Бренд нээгдсэн даруйдаа шинэлэг загвартай хослолуудаараа загварынхны анхаарлыг татсан юм. Тэрээр өөрийн загварыг тайлбарлахдаа “би эрэгтэйлэг байдлыг зөөллөж, харин эмэгтэйлэг байдлыг илүү эршүүд, хүчирхэг болгохыг хүссэн. Тиймээс ч эрэгтэй хувцас хийхдээ эмэгтэй хувцасны даавуу ашиглаж, харин эмэгтэйчүүдэд зориулж хүчирхэг хослол хийж эхэлсэн” хэмээжээ.
1980 онд алдарт American Gigolo киноны хэсэгт Холливудын жүжигчин Richard Gere Armani-гийн дэгжин хослолуудаас сонголтоо хийдэг хэсэг гардаг нь брендийг үнэхээр алдрын оргилд хүргэсэн гэж хэлж болно. Түүний минималист загваруудыг хүн бүр хүсэмжлэх болж Холливудын одод ч улаан хивсний ёслолууд, хүндтэй арга хэмжээнүүдэд Armani загваруудаар гоёх болжээ.
1990 оны сүүл гэхэд тус бренд дэлхий даяар 200 гаруй дэлгүүртэй, Emporio Armani, Armani Exchange, Armani Jeans, Armani Exchange A/X, Armani Collezioni зэрэг өөр өөр түвшний лайнуудаас бүрдсэн 2 тэрбум ам.долларын бизнес болон өргөжсөн байна. Үүнээс гадна Giorgio Armani нь загвар зохион бүтээгчийнхээ хувьд Италийн гар урлал, загварыг дэлхийд таниулж, олон жилийн турш сурталчилж, нэр хүнд авчирсан хэмээн Италийн засгийн газраас Commendatore dell’Ordine al Merito della Repubblica, Grand’Ufficiale dell’Ordine al Merito della Repubblica зэрэг олон хүндтэй шагналуудыг хүртэж байжээ.
Өнөөдөр Armani нь дэлхийн хамгийн алдартай, томоохон загварын брендүүдийн нэг ба “Giorgio Armani Privé” от кутюр болон тансаг зэрэглэлийн хувцаснаас гадна аксессуар, гутал, цүнх, гоо сайхан, үнэртэн, гэр ахуйн бараа, хүүхдийн хувцас, амттан зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүд гаргаж бизнесээ өргөжүүлсээр байгаа билээ.
Милан
Сонирхуулж хэлэхэд Armani нь үйлчлүүлэгчиддээ тансаг амьдралын хэв маягийг цогцоор нь мэдрүүлэхийн тулд Милан болон Дубай хотуудад өөрсдийн нэрийн тансаг зэрэглэлийн зочид буудлуудыг ажиллуулдаг.
Дубай